ДЭЛХИЙН БАНК: Монгол Улс гаалийн үйл ажиллагааны хувьд хоцрогдмол хэвээр байна

ДЭЛХИЙН БАНК: Монгол Улс гаалийн үйл ажиллагааны хувьд хоцрогдмол хэвээр байна

Засгийн газраас уул уурхайн бус экспортыг дэмжихээр тээвэр логистиктой холбоотой шинэчлэлтүүд хийж байгаа юм. Хэдий тийм боловч Монгол Улс бүс нутгийн орнуудаас худалдааг хөнгөвчлөх болон гаалийн горимын хувьд хоцрогдмол хэвээр байгааг Дэлхийн банк онцлов. 

Монгол Улсаас бараа, бүтээгдэхүүн экспортлоход дунджаар 302 цаг зарцуулж байсан бол Казахстан болон Киргиз ойролцоогоор гурав дахин, БНХАУ 10 дахин бага цаг хугацаа зарцуулж байна.

Түүнчлэн дотоодын болон гадаадын бизнес эрхлэгчдээс санал авахад бизнесийн орчинд Монгол Улсад итгэх итгэл буурсан байгааг Дэлхийн банк онцоллоо.

Тухайлбал, шинэ хууль хэрэгжиж эхэлсэн ч бизнес эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл авах явц хүнд сурталтай хэвээр байгаа юм. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах механизм хангалтгүй, гэнэтийн бодлогын өөрчлөлт гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалд хүндээр нөлөөлдгийг бизнес эрхлэгчид тодотгож байна.

Цаашид бизнесийн орчныг шинэчлэхэд тулгарч буй сорилтуудад Монгол Улсын Төрийн институтүүд ихэвчлэн бэлэн биш байдгийг Дэлхийн банк онцлов. Мөн яам хоорондын хамтын ажиллагаа, төслийн менежментийн чиглэлд төрийн байгууллагуудын хүчин чадал дутмаг байгааг дурдсан байна. Тиймээс ирээдүйд Хууль зүйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам болон Төв банк, Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг эрчимтэй нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Дэлхийн банк зөвлөлөө. Мөн сонгуулийн дараа эсвэл засаг солигдох үеэр Төрийн гүйцэтгэгч байгууллагуудын тогтвортой байдлыг хадгалах хэрэгтэй гэжээ.