Улсын хэмжээнд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны долдугаар сарын байдлаар 15.7 хувиар болж өсжээ. Инфляцын уг өсөлтөд импортын барааны үнэ 54.1 хувиар нөлөөлсөн гэж Үндэсний Статистикийн Хороо /ҮСХ/-ны дарга Б.Батдаваа өнөөдөр /2022.08.17/ мэдээллээ. Импортын барааг авч үзвэл хүнсний бараа, ундаа, усны үнэ 21.5 хувь, тээвэр 18.7 хувь, хувцас бөс бараа, гутлын үнэ 13.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин 15.7 хувь болоход:
- Хүнсний ногооны үнэ жилийн 82.6 хувь өссөн буюу инфляцад 2.0 нэгж хувь
- Бензин шатахууны үнэ жилийн 39.6 хувь өсөж инфляцад 1.9 нэгж хувь
- Голлон нөлөөлсөн арван бүтээгдэхүүний (дизелийн түлш, дотоодын төмс, бензин, цагаан будаа, лууван, гүрж ногоон цай, дотоодын гурилан боов, зүсээгүй талх) үнийн өсөлт нийт инфляцын 31.2 хувийг эзэлж байна.
- Харин ДНБ-ий 2021 оны эхний хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оны эхний хагас жилийн үзүүлэлтэд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин 59.3 хувь болж, өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар өсжээ. Түүнчлэн ажиллагсад 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 59.2 (5.4%) мянгаар өмнөх улирлаас 36.4 (3.2%) мянгаар өссөн байна. Монгол улсын өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 2022 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурсан байна. Орлого буурсан шалтгааныг өмнөх онд цар тахлын үеэр Засгийн газраас өгсөн 300 мянга, вакцинжуулалтад хамрагдсаны мөнгө, тог цахилгааны төлбөрийг дааж байсантай холбон тайлбарлалаа.
Г.Мичидмаа