“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж байсан Кью Эс Си компанитай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-д гаргасан.
Гэтэл энэ шийдвэрээс хойш “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа доголдож, сүүлийн хоёр сарын хугацаанд сул зогсоод байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мөн энэ хугацаанд үйлдвэрийн ажилчдын үндсэн цалинг 60 хувиар нь бодох болсонд тус үйлдвэрийн ажилчид маш их бухимдаж, жагсаал цуглаан болоход ойрхон болоод байгаа гэх мэдээлэл бий.
Мөн энэ сарын 08-ны өдрөөс /2022.08.08/-өөс эхлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн зарим ажилчдыг ирэх есдүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж байгаа тухай “Мэдэгдэх хуудас”-ыг өгч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр /2022.08.17/ 17.00 цагийн орчимд тус үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч нэг ажилтаны нүд хүнд гэмтсэн байна. Иймд тухайн иргэнийг Дарханы эмнэлэгт яаралтай хүргэсэн ч эмчлэх боломжгүй гэх хариуг өгсөн учраас Улаанбаатар руу яаралтай зөөвөрлөжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ослыг үйлдвэрийн одоогийн удирдлагууд ихээхэн нууцалж байгаа аж.