Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт ардчилсан улс мөн. Үүнийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн үүрэг. Тэгвэл "төрөөс гаргасан тусгай зөвшөөрөлгүй"-гээр олон улсад болж буй дайныг санхүүжүүлэх, дэмжих нь Монгол Улсын гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэхгүй үйлдэл.
Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын сүмээс манай зарим иргэдийг хамруулж, Оросын цэргийн хяналтад ороод байгаа газар руу мөнгө болон хүнс тэжээлийн тусламж явуулсан хэрэг болсон байна.
-МОНГОЛЫН ХЭСЭГ ИРГЭД ХОЙД ХӨРШИД БОЛЖ БУЙ “БИД ХАМТДАА” АЯНД НЭГДЭЖ, ГЭГЭЭН ТРОИЦКИЙН СҮМ САЙН ДУРЫН АЖИЛТНУУДЫГ ЭЛСҮҮЛЖ, ХАНДИВ ЦУГЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА-
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20 /2022.04.20/-ны өдрөөс эхэлж, Донбасс болон Зүүн-Өмнөд Украины иргэдэд хүргүүлэх хүмүүнлэгийн тусламж гэх нэрийн дор хойд хөршид өрнөж байгаа “Бид хамтдаа” аянд нэгдэж, Баянзүрх дүүрэгт байрлах "Гэгээн Троицкийн сүм" гэх байгууллага нь сайн дурын хүмүүсийг элсүүлэн хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Уг ажлын хүрээнд таван тонн ачаа, 20 гаруй сая төгрөг цуглуулж. Үүнийгээ Оросын хилээр нэвтэрч тус улсын цэргийн хяналтад ороод байгаа Украины Донбасс мужид хүргэх гэнэ.
Тэгвэл энэ оны хоёрдугаар сар /2022.02/-д ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины газар нутаг болох Донбасс мужийн Донецк, Луганск гэсэн газруудыг "Бүгд найрамдан улс" хэмээн зарлан, тусгаар тогтнолыг нь Орос хүлээн зөвшөөрч байна гэж зарласан. Үүнээс үүдэн Орос Украины хооронд дайны нөхцөл байдал үүсэж, Донбасс мужийн газар нутаг руу Оросын цэргүүд түрэмгийлэн орж, хяналтаа тогтоогоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл Украины газар нутаг руу Оросын цэрэг түрэмгийлж ороод хяналтаа тогтоосон. Мөн Бүгд найрамдах улс гэж В.Путины зарласан газар руу манай зарим иргэдийн нэр дээр тусламжийн бараа илгээсэн гэсэн үг юм.
-МОНГОЛД ЦУГЛУУЛСАН ТУСЛАМЖИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ УДИРДАГЧ НЬ ЭРХҮҮ МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧИЙН ОРЛОГЧ ИВАН КОЛПАКОВ ГЭГЧ БАЙЖЭЭ-
Уг хандивын аяныг Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ-ын болон бусад орны иргэд яс үндэс үл хамааран ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль дүүргэсэн монголчуудтай хамтран зохион байгуулсан гэжээ. Харин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хэсгийг удирдагч Эрхүү мужийн Амбан захирагчийн орлогч Иван Колпаков гэгч ажилласан байна.
-ХАНДИВЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛСЭН МОНГОЛ ИРГЭДИЙН ЦАХИМ ХАЯГИЙГ ШАЛГАЖ ҮЗЭХЭД ДИЙЛЭНХ НЬ УЛААНБААТАР ДАХЬ РУССКИЙ ДОМ БУЮУ РЦНК-Д ХАМААРАЛТАЙ БАЙВ-
Сонирхуулахад, Тус аяныг эхлүүлсэн иргэдийн цахим хаягийг шалгаж үзэхэд дийлэнх нь Улаанбаатар дахь Русский Дом буюу РЦНК-д хамааралтай иргэд байв. Мөн дээрх ажлыг Монголд зохион байгуулсан иргэдийн мэдээлснээр, Эрхүү мужаас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хэсгийг удирдаж буй Эрхүү мужийн Амбан захирагчийн орлогч Иван Колпаковын хэлж буйгаар “Донбасс руу хүргэгдэх хүмүүнлэгийн тусламжийн ачаанд тавигдаж буй шаардлага их хатуу байсан гэнэ.
Нэн түрүүн бүх зүйл шинэ, үйлдвэрийн баглаа, савлагаа гэмтээгүй байх, хаяг шошготой, хүнсний бүтээгдэхүүн нь хадгалагдах горим нь удаан хугацааных байх ёстой байж.
Ингээд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Гэгээн Троицгийн сүм дээр нэн шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг тусгай жагсаалт байгаа. Мөн Гэгээн Троицкийн сүм нь хандивын данс нээсэн. Донбасс болон Зүүн-Өмнөд Украины ард иргэд болон Орост ирсэн дүрвэгсдэд туслахыг хүссэн хэн хүн доорх дансаар харилцах боломжтой" гэжээ. Гэтэл уг хандивын ажиллагаа нь шилэн данс биш хандивлагч байгууллагын иргэдэд нээлттэй мэдээлэл байгаагүй байна.
ВИДЕО:
-МОНГОЛЫН САЙХАН СЭТГЭЛ ЭГЭЛ ЖИРИЙН ИРГЭД, "МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ" ШОШГОТОЙ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗҮЙЛС БОЛОН МӨНГӨ ХАНДИВЛАСАН ГЭВ-
Хандив цуглуулах сайн дурын байгууллагын мэдээлснээр, Энэ удаа Монголоос хүргэгдэх дээрх 4 орчим тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаанд Монголын сайхан сэтгэл эгэл жирийн иргэд, орос болон гадаадын бусад иргэд, жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын сэтгэл зүрх шингэсэн мөнгөн тусламжаар худалдан авсан болон хандивласан "Монголд үйлдвэрлэв" бүхий шошготой гурил, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, тэмээн болон хонины ноосон оймс болон элсэн чихэр, хувийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэргийг худалдан авч явуулж байгаа юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Гэгээн Троицгийн сүм дээр байгуулагдсан штабт нэн шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн тусгай жагсаалт хүртэл ирсэн байсныг эм хангамжийн хувийн компаниуд бас хандивласан гэжээ. Гэсэн хэдий ч ямар ч хандивлагч байгууллага, хувь хүний нэрийг дурдаагүй байгаа юм.
Харин энэ сарын 11 /2022.08.11/-ны өдөр Монгол иргэдээс цугларсан гэх 20 гаруй сая төгрөг болон Донбасс болон Зүүн-өмнөд Украины иргэдэд хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн 5 орчим тонн ачаа эрхүү муж руу ачигдсан тухай мэдээлжээ.
-ДАЙНЫГ ӨДӨӨСӨН, БУСДЫН ГАЗАР НУТАГ РУУ ХАЛДАН ДОВТОЛСОН УЛС РУУ ТУСЛАМЖ ИЛГЭЭСЭН НЬ МАНАЙ УЛСЫГ ОЛОН УЛСЫН ХОРИГТ ОРУУЛЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЭЛ ЮМ-
Тэгвэл Монгол Улсын засгийн газар Украинд 200 мянган долларын тусламж үзүүлэхдээ Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар, НҮБ-ын онцгой байдлын тусламжийн сангаар дамжуулан олгосон. Энэ нь Монгол Улс Орос-Украины дайнд аль ч орныг дэмжихгүй төвийг сахиж буйгаа баталсан. Гэтэл Монголын хэсэг иргэдийг Эрхүү мужийн орлогч гэх нөхөр нэг сүм дээр цуглуулж дайныг өдөөсөн, бусдын газар нутаг руу халдан довтолсон улсад шууд тусламж үзүүлэх ажиллагааг зохион байгуулсан нь манай улсыг олон улсын хоригт орох эрсдлийг бий болголоо. Мөн төрийн бодлого, баримталж буй зарчим цаашлаад улс орны аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болзошгүй үйлдэл юм.