Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил удааширсан тул хуулийн байгууллагаар шалгуул гэсэн чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Тэгвэл өнөөдөр /2022.08.15/ Зам, тээврийн хөгжлийн яамны зарим албан тушаалтнуудын ажлын өрөөнд нь АТГ-аас нэгжлэг хийсэн.
Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалж хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө, “Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. ЗТХЯ болон албан тушаалтнууд” гэж мэдэгдсэн.
Тэгвэл ЗТХЯ-нд хийсэн үзлэг, нэгжлэгийн хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/С.Батболдын ажлын өрөөнд нэгжлэг хийсэн байж болзошгүй байна.
Учир нь Дарханы замын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог ТНБД С.Батболдын 2019 оны хоёрдугаар сарын 15 /2019.02.15/-ны өдрийн 68 дугаар тушаалаар байгуулсан байдаг. Харин сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ ахалж байсан байна.