Засгийн газрын долдугаар сарын 27 /2022.07.27/-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой "алдагдсан боломж"-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.
Тэгвэл Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэллээ. Тодруулбал, замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, тус яамны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг АТГ шалгаж эхэлсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 2019 онд ЗТХ-ийн сайдаар сонгогдон ажиллаж байв. ЗТХ-ийн сайд асан Я.Содбаатарын эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан, тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн. Уг саналыг Ерөнхий сайд хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 04-нд өргөн мэдүүлснийг УИХ баталсан юм. Тиймээс тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан гишүүнийг нэр дэвшүүлсэн байдаг. Хэрэв АТГ-аас шалган хууль зөрчсөн гэж үзэн хэрэг үүсгэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах юм.