Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.07/ хүрэлцэн ирсэн билээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцох юм.
Тэгвэл тэрбээр өнөөдөр /2022.08.08/ Төрийн ордонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, “Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. Манай Засгийн газрын зүгээс Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Монголын улс төр тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Монголын ард түмний өөрийн сонгосон замд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хятад гадаад харилцааны бодлогод Монголыг тэргүүн эгнээнд тавьдаг. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Тайвань, Шинжаан, Төвд зэрэг дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнийг бид сайшааж байна” гэлээ.