СУРВАЛЖИЛГА: Борооны усанд хуулагдсан Дарханы замын  "ус зайлуулах хоолой"-г муу хийснээс эвдэрсэн байж магадгүй байна /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Борооны усанд хуулагдсан Дарханы замын "ус зайлуулах хоолой"-г муу хийснээс эвдэрсэн байж магадгүй байна /ВИДЕО/

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил одоогоос таван жилийн өмнө буюу 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдөр эхэлж байв. Тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд нар "Улаанбаатар- Дархан чиглэлийн 204,6 км замыг цементбетон хатуу хучилттай 1-р зэрэглэлийнх болгох бас нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна" хэмээн онцолж байв. Гэтэл өнөөдөр зам ашиглалтад ороогүй 4 жил орчмын нүүрийг үзэж байна. Мөн нөгөөтэй замын ажилд хяналт тавих ёстой одоогийн ЗТХЯ-ны удирдлагууд ч муу ажиллаж байна уу гэлтэй. 

ВИДЕО: 

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам 2022.08.01

-20 ГАРУЙ МИНУТ ОРСОН БОРООНЫ УЛМААС ХУУЛАРСАН ДАРХАНЫ ЗАМЫН ХАТУУ ХУЧИЛТЫГ ХУУЛЖ, ХАЙРГА АСГАСАН Ч ЭВДРЭЛТЭЙ ГЭХ ТЭМДЭГЛЭГЭЭГ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА-

Учир өнөөдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам ашиглалтад орох байтугай барьж байсан зам нь эхнээсээ эвдэрч сүйдсэн. Тодруулбал, долдугаар сарын 26-ны /2022.07.26/ өдөр 30 орчим минут үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын 40 орчим метр замын асфальтбетон хучилт хууларч, эвдрэл үүссэн билээ. Тэгвэл тус замын нөхцөл байдал ямар байгааг бид газар дээрээс нь сурвалжиллаа.

Баруунтурууны төлбөр авах цэгээс 61-ийн гарам орох замд эвдэрсэн хэсгийг "Арж Капитал" ХХК барьж байсан бөгөөд “Тухайн замыг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу барьсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж, зам эвдэрсэн” гэх тайлбарыг албаныхан өгч, даатгалын компани замын эвдрэл, гэмтлийг засварлах хөрөнгийг гаргана гэдгийг онцлоод буй.

Тэгвэл борооны усанд урсаж, эвдэрсэн автозамын асфальтбетоныг эхний ээлжид хуулж, үүссэн нүхийг хайрга бүхий шороо асгаж, дүүргэжээ.

Эвдэрсэн автозамын хэсэг

Гэвч эвдрэлтэй замын хэсэгт анхааруулах тэмдэглэгээ байршуулаагүй байх аж. Тиймээс шинээр тавигдсан замаар хурдтай явах автомашинууд эвдэрсэн зам руу хүчтэй орох, улмаар автомашины доод эд ангиа цохих нь ихээр үүсэж байгаа нь ажиглагдсан. Мөн замын эвдэрсэн хэсгийн хойд тал нь өндөр далан байх бөгөөд урд талынх нь ус зайлуулах хоолой шороогоор дүүрчээ.

Үүнээс үзэхэд магадгүй шинээр тавигдсан замын ус зайлуулах хоолойг чанаргүй хийснээс зав энэ хэсэг эвдэрсэн үү гэх хардлага төрж байв.

Нөгөөтээгүүр борооны усанд хууларсан замын асфальтбетоныг хэмжиж үзвэл 3-5 см өргөнтэй байх. Угтаа мэргэжлийн хүмүүс замын асфальтбетоны өргөн 5 см гэдгийг онцолсон. Харин яагаад зарим хэсэгт 3-4 см байв, энэ нь зам хуулахад нөлөөлсөн үү гэдэг асуулт хариултгүй үлдэв. Олон жил дуншсан Дарханы зам энэ мэтээр 30 минут үргэлжлэн орсон бороонд хууларч унаад байвал яах вэ гэсэн айдас ч иргэдийн дунд үүсээд байна. Түүнчлэн эвдэрсэн замыг яаралтай засварлаж, тэмдэг тэмдэглэгээг байршуулахыг жолооч нар шаардлагатай байгаа юм. 

Улаанбаатар Дархан чиглэлийн эл зам эхнээсээ л асуудалтай явж ирсэн түүхтэй. Тус замын ТЭЗҮ, зураг төслийг анх тендер зарлаагүй, яриа төдий байхад нь "Эм Си Пи Си Ар" ХХК боловсруулж, 3.1 тэрбум төгрөгөөр төрж шахсан байдаг. Мөн замын ажил хийх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог ЗТХЯ-ны ТНБД С.Батболд байгуулж, Л.Энх-Амгалан сайд баталсан байдаг. Гэвч энэ ажил бүтэлгүйтэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн зарим аж ахуйн нэгжийг тендерийг цуцалсан. Мөн энэ хугацаанд Засгийн газар огцорч, шинэ сайд томилогдсон ч ажил урагштай явахгүй өнөөг хүрээд байгаа билээ. 

Ямартай ч олон хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэж буй Дарханы замыг яаралтай ашиглалтад оруулахыг иргэд, олон нийт хүсэж байгаа тул энэхүү мэдээллийг бэлтгэлээ.