Газрын тос боловсруулах үйлдвэрийн түгээлтэд үндэсний компани оролцох боломжтой

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түгээлтэд үндэсний компани оролцох боломжтой

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх дотоодын хий түгээгч “Дашваанжил” компаниар зочилж үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тодруулбал, Энэтхэг улсын тусламжаар манай улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн 2025 онд гарна. Энэ үед үндэсний “Дашваанчил” компани хийн түгээлтийн үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтойг уулзалтын үеэр хөндсөн юм. Учир нь тус компани 21 аймагт 65 салбартай үйл ажиллагаа явуулж буй Монголын хийн түлшний салбарын анхдагч ААН юм. Тиймээс тус компани ойрын ирээдүйд зөвхөн хийн газ бус дизелийн түлш, шатахуун мөн түгээх боломжтойг уулзалтын үеэр ярилцсан юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын эхний үе шат 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 2-3 дугаар шатны төслийн тендерийг зарлаад байна. 4 дүгээр шатны хэлэлцээр эхэлснийг Элчин сайд М.П.Сингх уулзалтын үеэр дуулгав.  

"Манай компани олон улсын ISO стандартыг үйлдвэрт нэвтрүүлсэн. Хийн хангамжийн системээ улам нягт болгохоор ажиллаж байна" хэмээн “Дашваанжил” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав уулзалтын үеэр тодотголоо. Тус компани 1992 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө 16 алба, нэгж, 600 гаруй ажилтантай өргөжин үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш экологийн эвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэвтрүүлж, айл өрх, ААН, үйлчилгээний газруудад нийлүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Нефтийн бүтэгдэхүүнийг дахин боловсруулах, үндэсний аюулгүй байдлын үүднээс Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг дотоодын компани, ААН-үүд хариуцан нийлүүлэх нь гадаадаас хамааралгүйгээр хийн түлшийг өөрсдөө тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм гэдгийг уулзалтаар хөндөж байлаа. Ингэснээр нийлүүлэлтийн зардал, хугацааг хэмнэх ач холбогдолтойг тэмдэглэн хэлж байлаа. Жишээлбэл, тээврийн зардлыг гаднаас түлш шатахуун оруулж ирж буйгаа 20-25 хувь хэмнэх боломжтой аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг