ВИДЕО: Улаанбаатарт уулнаас авчирч суулгасан өндөр үнэтэй "Нарс" моднууд эхнээсээ үхэж эхэлжээ

ВИДЕО: Улаанбаатарт уулнаас авчирч суулгасан өндөр үнэтэй "Нарс" моднууд эхнээсээ үхэж эхэлжээ

Хоёр жилийн өмнө буюу 2020 оны намрын тохижилт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг уулзвар хүртэлх замын голоор 4-6 метр өндөртэй 700 гаруй ширхэг том оврын шилмүүст нарс моддыг авчирч суулгасан байдаг. Тэгвэл магадгүй ууланд ургаж байсан эдгээр нарс моднуудыг Улаанбаатар хотод авчирч суулгасан нь эхнээсээ үхэж, цаашид ургах боломжгүй болоод байгаа талаар бид сурвалжиллаа.

ВИДЕО:

Нарс мод хамгийн удаан ургадаг модонд тооцогддог. Жишээ нь үрээр тарьсан нарс мод 1 метр орчим болж томрохдоо жилд ердөө 5-10 см-ээр л өсдөг байгаа юм. Тэгэхээр эдгээр нарс моднууд 40-60 жил ургаж байж энэ хэмжээнд хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл байгальд олон жил болсон моддыг авчирч суулгаж байгаа нь экологийн тэнцвэрт байдлыг ч алдагдуулж буй нэг жишээ болоод байна.

Жишээ нь нарс мод үхэж, цаашид ургахаа болихоороо холтос нь хальсалж унадаг бөгөөд их бие, мөчрүүд нь шаралдаг байгаа юм. Угтаа зуны дэлгэр энэ цагт энэ нарс моднууд нов ногоон байх ёстой.

Биднийг модны сурвалжилга хийхэд үхжиж буй шинж тэмдэг холоос сайтар харагдахгүй байх боловч ойртвол дийлэнх модны мөчрүүд шарласан байдалтай байв. Хэрэв ийм байдлаар гэмтсэн нарс мод нь хэдэн арван жил амьдрах боломжтой гэдэг ч өсөлтийн хувьд эрүүл модноос мэдэгдэхүйц хоцорч эхэлдэг бөгөөд тарьсан нарс моднууд өөрсдийнхөө шимээр гэхэд ихдээ л хоёр жил ургаад цаашаа ургаж чадалгүй хатдаг байна. Харин одоо эдгээр моднуудыг Өлзийтийн уулзварт суулгаад хоёр жил орчим болж үхжиж эхэлсэн байна. Ташрамд дурдахад, Нарс модыг олноор нь суулгаад үхүүлж байгаа муу түүх Өлзийтийн уулзварын энэ хэсгээр зогсохгүй.

Өлзийтийн уулзвар орчимд суулгасан Нарс модод. 2022.07.27

Тодруулбал, 2009 онд уулнаас 1000 гаруй нарс модыг авчирч Улаанбаатар хотод суулгасан ч 2013 онд тус моднуудыг мэргэжлийн байгууллагаас ургах ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Мөн энд бас нэг ноцтой асуудал гарч ирж байна. Учир нь Нарс мод нь суулгац моднууд дотроо хамгийн үнэтэй. Жишээ нь нарс мод нь нас наснаасаа хамаараад 20-400 мянган төгрөгийн үнэ ханштай байдаг байна. Гэтэл яагаад заавал ургахдаа маш их олон жилийг зарцуулдаг, шилжүүлэг муу даадаг, үнэтэй нарс моднуудыг суулгаж байгаа вэ гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм. Үүний оронд үнэ хямд, ямар ч нөхцөлд хурдан ургадаг моддыг суулгах боломжтой байсан. Энэ мэт асуултын цаана ямар нэг албан тушаалтны мөнгө угаалт явж байхыг ч үгүйсгэхгүй юм.