Цар тахлын улмаас хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүллээ.
Уг боомтоор нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр хятадын талтай тохиролцоод байна. Хавирга-Архашаат авто замын боомтын хувьд хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ хэмээн мэдэгдээд байгаа болно.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээр 9 боомтоос өнөөгийн байдлаар 7 боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна.
Эх сурвалж: ГХЯ