“Зодог тайлсан” А.Сүхбат аварга Төв аймгийн баяр наадамд зодоглож байна

“Зодог тайлсан” А.Сүхбат аварга Төв аймгийн баяр наадамд зодоглож байна

Өчигдөр /2022.07.09/ Төв аймгийн баяр наадам Зуун мод хотод эхэлсэн бол өнөөдөр /2022.07.10/  үргэлжлээд өндөрлөх аж. Харин тус аймгийн баяр наадамд Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 128 бөх барилдаж байгаа аж.

Хачирхалтай нь Дархан аварга А.Сүхбат 2006 онд Үндэсний бөхийн спортоос “зодог тайлж байгаа” тухайгаа мэдэгдэж, үүнд нь дуучин С.Жавхлан “Нууцхан сэтгэлийн үнэн” дуу ч бүтээгээд амжсан. Гэтэл А.Сүхбат зодог тайлснаас 9 жилийн дараа буюу 2015 онд Улсын баяр наадамд дахин зодоглож, Дархан аварга Г.Өсөхбаяртай “Зүүний магнай”-г булаалдаж, багагүй маргаан дэгдээж байсан.

Харин тэрээр энэ жилийн Улсын баяр наадамд барилдана хэмээн бүртгүүлсэн нь “Зүүний магнай”-г  Г.Өсөхбаяртай дахин булаалдах нь гэх хардлага, шүүмжлэлийг иргэдэд төрүүлээд буй.

Мөн Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн эрэмбэ тогтоож, Г.Өсөхбаярыг А.Сүхбатын өмнө буюу “Зүүний магнай”-г манлайлахаар тогтоогоод байна. Ямартай ч хэрэг явдал хэрхэн өрнөхийг иргэд баяр наадмын хоёр дахь өдөр /2022.07.12/ харах л үлдээд байна. Харин “Зодог тайлсан” А.Сүхбат аварга Төв аймгийн баяр наадамд барилдаж Улсын баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бололтой.