Дархан аварга А.Сүхбат 2006 оны наадамд Үндэсний бөхийн спортоос зодог тайлж буйгаа зарлаж, шуугиан тарьж байсан. Гэтэл “зодог тайлсан”-аа мэдэгдэж уйлаан, шуугиан тарьж байсан А.Сүхбат 2014 оны наадамд Дархан аварга Г.Өсөхбаяртай "Зүүний магнай" булаацалдан Үндэсний бөхийн дэвжээнд дахин гарч ирж, маргаан үүсгэж байв.
Харин “зодог тайлсан” А.Сүхбат энэ жил /2022.07.11/-ийн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд дахин зодоглож, маргаан үүсгэж магадгүй байна. Гэсэн хэдий ч түүний энэ удаа "Зүүний магнай"-д гарахгүй байх зохицуулалтыг хийжээ.
ВИДЕО: "Зодог тайлсан" А.Сүхбат энэ жилийн Улсын баяр наадамд барилдахаар бэлтгэлдээ гарчээ.
-ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР, ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ ГЭЖ ЭРЭМБЭЛЖЭЭ-
Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан дүрэмд заасны дагуу "...бөхийг цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг цахим хуудаст байршуулна" гэсний дагуу эрэмбийг танилцуулсан байна.
Ингэхдээ ”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана” гэж заасны дагуу Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат гэж эрэмбэлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Товчхондоо, энэ жилийн баяр наадмын "Зүүний магнай"-д Дархан аварга Г.Өсөхбаяр гарна гэсэн үг юм. Харин үүнийг Дархан аварга А.Сүхбат эсэргүүцэж, 2014 оны наадам шиг маргаан үүсгэж, наадамчин олныг бухимдуулах вий гэх болгоомжлол бөх сонирхогчдын дунд байна.
-“ҮНДЭСНИЙ БӨХ”-ИЙГ ИХ СПОРТЫН ХЭМЖЭЭНД ТАВЬЖ ДОПИНГИЙГ ХАТУУ ХОРИГЛОДОГ Ч, “ЗОДОГ ТАЙЛСАН БӨХ”-ӨӨ ДАХИН БАРИЛДАХЫГ МҮБХ ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-
Угтаа А.Сүхбат аварга хэдийн /2006 он/ зодог тайлж, түүнд нь зориулж дуучин С.Жавхлан "Нууцхан сэтгэлийн үнэн" дууг ч бүтээсэн. Энэ ч утгаараа монгол түмний хайр хүндэтгэлийг А.Сүхбат хүлээж, УИХ-д хүртэл сонгогдсон нэгэн.
ВИДЕО: Нууцхан сэтгэлийн үнэн
Гэтэл тэрбээр энэ их хүндлэлийг дааж, нэр цэвэр явж чадахгүй байгаа гэж хэлж болно. Тодруулбал, түүний хамаарал бүхий компани ЖДҮ, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, өдгөө зарим зээлээ төлж чадалгүй, чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон. Угтаа зээл авахад А.Сүхбат УИХ-ын гишүүн байхдаа нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага хөвөрдөг.
Нөгөөтэй, Монголын Үндэсний бөхийн холбоо, тэргүүн Ц.Магалжав “Үндэсний бөх”-ийг их спортын түвшинд тавьж допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хязгаарлах болсон. Товчхондоо, допинг хэрэглэсэн бөхөө хязгаарлаж байгаа бол зодог тайлсан бөхөө ч барилдуулахгүй хязгаарлах ёстой.
Тодруулбал, бидний сайн мэдэх Японы мэргэжлийн сүмод допинг хэрэглэхийг хориглодоггүй ч, “зодог тайлсан бөх”-ийг дахин барилдуулдаггүй. Учир нь сүмо бол мэргэжлийн спорт биш тухайн улсын уламжлалт спорт. Гэтэл манай МҮБХ бөхчүүдийг допинг хэрэглэхийг хатуу хориглодог ч, зодог тайлсан бөхийг удаа дараа барилдуулж хойч үедээ ч буруу жишиг тогтоож байгаа гэж хэлж болно. Ямартай ч УИХ-ын гишүүн асан, Дархан аварга “зодог тайлсан” А.Сүхбатыг төр түмнийхээ баяр наадмыг хүндэтгээд “Зүүний магнай” дахин булаалдаж, маргаан үүсгэхгүй байхыг бөх сонирхогчид хүсэж байна.
Зодог тайлсан А.Сүхбат аварга “Улсын баяр наадам”-д Үндэсний бөхөөр дахин барилдаж байгаа нь зөв үү?
Нийт: 0 саналтай