Коронавирус цар тахал болон зарим иргэдийн эсэргүүцлийн улмаас өнгөрөгч 2021 онд Улсын баяр наадмыг зохион байгуулаагүй өнжсөн.
Харин “наадамгүй жил /2021/”-ийн наймдугаар сар /2021.08/-д Монголын залуучуудын холбоо /МЗХ/ ТББ-ын 100 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан болж Ховд аймгийн харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Тодруулбал, энэхүү барилдаан нь “Улсын баяр наадмын” Үндэсний бөх биш МЗХ гэх төрийн бус байгууллага /ТББ/-ын зохион байгуулсан арга хэмжээ байсан юм.
-УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ, Б.ПҮРЭВДОРЖ НАР БОЛОН МҮБХ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА-
Гэтэл өнөөдөр Ховд аймагт нэр дэвшиж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар “Наадамгүй жил /2021 он/” МЗХ-ны зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд “Улсын цол нөхөж олгох” тухай асуудлыг гаргаж, хуулийг уландаа гишгээд явж байна.
Учир нь “Үндэсний баяр наадмын тухай хууль”-ийн 8.1-д Зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид, уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно. 9.3-д “Улсын баяр наадмын”үндэсний бөхийн барилдаанд дараах амжилт үзүүлсэн бөхөд доор дурдсан улсын цол олгоно” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Товчхондоо, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын гараад байгаа “Улсын цол нөхөж олгох” тухай асуудал нь хуульд заасан “Улсын баяр наадмын” биш харин нэгэн ТББ-ын зохион байгуулсан бөхийн барилдаан юм. Үүн шиг холбоо, компанийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан жилд хэдэн арваараа болдог.
Харин “наадамгүй жил /2021/” МЗХ-ны зохион байгуулсан Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөх Ховд аймгийн харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгүүлэх гээд байгаа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар Ховд аймагт “Улсын цолтон түрүүлж өгсөн” гэж нэр зүүж, сурталчилгаа, пиар хийх гээд байгаа улс төрчийн “явуургүй” нэг ажиллагаа байж магадгүй. Үнэндээ, иргэдийн амьдралд “улсын цолтон” төрөх нь ямар ч нөлөөгүй, харин хууль тогтоогч С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нараас тэд өөрсдийнх нь амьдрал хэрэгтэй хууль санаачлахыг л хүлээж байгаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол бөхийн цолтон түрүүлэх биш харин “хууль тогтоох” үндсэн үүрэгтэй.
Гэтэл өчигдөр /2022.07.07/ Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын наадамгүй жил буюу 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг дахин гаргажээ.