Б.Жавхлан: Засгийн газар БНХАУ-аас их хэмжээний зээл авах талаар УИХ-д танилцуулсан зүйл байхгүй /ВИДЕО/

Б.Жавхлан: Засгийн газар БНХАУ-аас их хэмжээний зээл авах талаар УИХ-д танилцуулсан зүйл байхгүй /ВИДЕО/

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “БНХАУ-аас зээл авах гэж байна гэх улс төрийн зорилго бүхий ташаа мэдээллийг олон нийтэд түгээж буйд харамсаж байна. Засгийн газрын өрийн менежмент сүүлийн гурван жилд сахилга баттай байснаар маш сайн үр дүнд хүрсэн. 2016-2017 онд засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Үүнээс хойш гадаад өрийн менежментэд анхаарснаар өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шатаар ахисан.

Энэ тавдугаар сард Монголын засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн нь ийм хүнд үед том амжилт. Зургаадугаар сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкны баланс үр дүнтэй гарсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарласнаас хойш таван сарын хугацаанд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж чадсан. Энэ хэмжээгээр тус банкны өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс бид хамгаалж чадсан.

-ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АВСАН ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ МАШ ХАНГАЛТГҮЙ БАЙНА-

Мөн түүнчлэн 2023 оны есдүгээр сард төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрийнхөө эх үүсвэрээр чанаргүй зээлүүдээ төлөх боломжууд нэг алхам урагшилж байна.

Харин нэмж авах өрийн талаар Засгийн газраар стратеги батлуулсан. Ямар зээл авах эцсийн шийдвэрийг УИХ-аар гаргадаг. Цаашид арилжааны зорилготой бонд нэмж гаргахгүй.

Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан. Анх 2012 онд Чингис бонд гаргасан. Эдгээр долоон бондоос анхны Чингис бонд л төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Үүнээс бусад зургаан бонд нь Чингис бондынхоо өрийг төлж ирсэн. Тиймээс цаашдаа энэ өрийг үргэлжлүүлэхгүй. Бид зөвхөн урт хугацаанд хөгжлийн зээлийг авна. Дотоодын зах зээлээ хөгжүүлэхэд анхаарна.

Өнөөдрийг хүртэл авсан зээлийн ашиглалт маш хангалтгүй байгаа. Манай улсын импортыг дэмжсэн эдийн засаг, үр дүн үзүүлэхгүй зээл авахаас бүрэн татгалзана. Сүүлийн гурван жилд гадаад өрийн сахилга батыг сайн сахисан. Гадаад өрийг нэмэгдүүлэх, энэ талаар УИХ-д танилцуулсан зүйл огт байхгүй" хэмээв. 

ВИДЕО: