“Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Ном хэвлэх, цаад агуулгаараа эрдэм соёлыг түгээх үйлсэд олон жил хүчин зүтгэсэн энэ компани өнөөдөр уламжлалт соёл боловсрол, тэр дундаа монгол хүний сэтгэлийн соёл боловсролыг тэтгэн дэмжихэд анхаарч эхэлснээ зарлаж байна. Монгол хүний үнэт зүйлийг сэргээн мандуулахад “Мөнхийн үсэг”-ийн хүчин зүтгэл гаргаж бүтээсэн үйл хэрэг өнөө хэр арвин болжээ. “Зөв Монгол хүн” хөтөлбөрийг компанийнхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэмжээнд зарлаж, сүүлийн арав шахам жилийн туршид тасралтгүй хэрэгжүүлсэн ажлын нэгийг л энд дурдахад, Монголын эртний сургаалын зохиолуудыг өсвөр насныханд уншуулж таниулах зорилго бүхий улсын уралдааныг санаачилж, жил бүр шагналын өндөр сантайгаар зохион байгуулдаг нь уламжлал болжээ. Нэг удаад гэхэд л хот хөдөөгийн гурван мянга гаруй хүүхэд эртний өвгөдийн сургаал зохиолын тусгайлан хэвлэсэн түүврийг нэгд нэггүй уншиж судлан эсээ бичихээс эхлэн, энэ сэдвээрээ хоорондоо мэтгэлцэх, жүжиг үзүүлбэр дэглэх, илтгэл бэлтгэж тавих гэхчлэн хэдэн өдрийн турш урд хойноо оролцон авьяас билгээ уралдуулсныг нь Үндэсний телевиз цувралаар үзүүлсэн ховор сайхан үзэгдэл энэ уралдааны түүхэнд бий.
Ийм үүх түүхтэй “Мөнхийн үсэг” групп яг одоо Монгол бөхийн өргөөнд болж байгаа Үндэсний их наадмын сорилго барилдааныг ивээн тэтгэж байна.
Уг барилдаанд даян аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нарын хүчит 256 бөх зодоглож байна. Их сорилгын үеэр “Мөнхийн үсэг” компанийн Ерөнхий захирал, улсын начин Д.Ганбатаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, “Манай групп 30 жилийн ойн баярынхаа хүрээнд Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь үндэсний бөх. Монголчууд эртнээс бөхийг эр хүний манлай хэмээн дээдэлж ирсэн бөгөөд уламжлалт соёлоо хадгалж үлдсэн эдийн бус соёлын нэг. Монголчууд эр хүний манлайлал монгол бөхөд байна гэж үздэг. Бүхий л цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн, хийморь, жудагтай, хүн чанар сайтай хүнлэг энэрэнгүй, монгол зан заншил, ёс түүхээ мэддэг гэдэг утгаараа Монгол эр хүний манлайн дээд хэмээдэг.
Тиймээс монголчуудын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад монгол бөх чухал гэж үздэг. Би өөрөө бөх хүн. Наадмын өмнө сорилго барилдаан гэж томоохон барилдаан болдог. Энэ өдөр 30 жилийн ойн баярын хүрээнд Монгол бөхийн өргөөнд энэхүү соёлыг сурталчлах сайхан барилдаан болж байна. Бөхчүүдийн маань оролцоо их сайн байна. Хоёр аварга, улсын арслан, гарьд, заан, харцага тэргүүтэй бүхий л цолтны төлөөллүүд оролцсон сайхан барилдаан болж байна. “Мөнхийн үсэг” ХХК өөрөө спортын төвтэй. Үүнд манай бөхчүүд хичээллээд зогсохгүй бусад дэвжээний бөхчүүд бэлтгэл хийдэг. Тэднээс маань олон бөх улсын цолонд хүрч, цолоо ахиулж байсан. Энэ жил таван дэвжээ “Мөнхийн үсэг” группийн спортын төвд бэлтгэл хийсэн. Монголын өв соёлыг тээсэн Монгол бөхийн хийморь ивээг” гэсэн юм. Сонирхуулахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь "Мөнхийн үсэг" группийн эзэн бөгөөд тус компанийг түүний нөхөр н.Ганбат удирддаг гэдэг.