ДАШТ-д хүчээ сорих 3х3 сагсан бөмбөгчид маргааш тэмцээнээ эхлүүлнэ

ДАШТ-д хүчээ сорих 3х3 сагсан бөмбөгчид маргааш тэмцээнээ эхлүүлнэ

Бельгийн Антверп хотноо өнөөдөр 18.00 цагаас 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022.06.21-26/ эхэлж байна.

Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 40 багийн 170 гаруй тамирчин оролцон ур чадвараа сорих юм. Европыг зорьсон Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор даваа гарагт Бельги улсад очсон байна. Тус тэмцээний өмнө Серби, Францын шигшээ багтай бэлтгэл хийсэн Монголын шигшээ багийн эрэгтэйчүүд хэсгийн шатанд Литви, Герман, Тайвань, Чилийн багуудтай "B" хэсэгт орсон бол эмэгтэй баг Польш, Египет, Доминикан, Бельгийн багуудтай "C" хэсэгт тоглохоор болжээ.

Монголын эрэгтэй баг хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал А хэсгийн 3 дугаар байр болон D хэсгийн 2 дугаар байраар гарсан багуудын хожсонтой тоглоно. Харин B хэсгийн 2 дугаар байраар хасагдах шатанд шалгарвал С хэсгийн 3 дугаар байраар гарсан багтай тоглоно. Тэд хожвол D хэсгийн 1 дүгээр байрны багтай шөвгийн наймд тоглоно. Мөн B хэсгийн гуравдугаар байраар гарвал C хэсгийн 2 дугаар байраар шалгарсан багтай тоглох юм. Хожвол А хэсгийн 1 дүгээр байрны багтай учраа таарах юм байна. 

Харин эмэгтэй багийн хувьд С хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал A хэсгийн 2 дугаар байр болон D хэсгийн 3 дугаар байрны багуудын хожсоныг шөвгийн наймд таарч тоглоно. Хэрэв С хэсгийн 2 дугаар байраар шалгарвал B хэсгийн 3 дугаар байрны багтай тоглох бөгөөд хожвол А хэсгийн нэгдүгээр байрны багтай учраа таарах юм. Харин С хэсгийн 3 дугаар байраар гарвал B хэсгийн 2 дугаар байрт орсон багтай тоглох бөгөөд хожвол D хэсгийн нэгдүгээр байр шалгарсан багтай шөвгийн наймд тоглох юм байна. Харин Монголын эмэгтэй баг ПАШТ-ий салхийг хагалж 6 дугаар сарын 22-ны 21.30 минутаас Бельгийн багтай тоглох бол эрэгтэй баг эхний тоглолтоо тухайн шөнө 00.00 цагаас Тайваньтай хийх юм.

Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Даваасамбуугийн Дэлгэрням
  • Энхбатын Дөлгөөн
  • Ариунболдын Ананд
  • Онолбаатарын Энхбаатар
  • Ганцолмонгийн Ган-Эрдэнэ
  • Цогтын Отгонжаргал

Эрэгтэй баг.

  • Зургаадугаар сарын 22. 00.00 цагт Монгол - Тайвань
  • Зургаадугаар сарын 22. 03.10 цагт Монгол - Литви
  • Зургаадугаар сарын 24. 23.05 цагт Монгол - Герман
  • Зургаадугаар сарын 25. 00.25 цагт Монгол - Чили

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Баатарын Болор-Эрдэнэ
  • Онолбаатарын Хулан
  • Мөнхсайханы Цэрэнлхам
  • Ганбатын Минжин
  • Бат-Эрдэний Ариунцэцэг
  • Энхтайваны Чимэддолгор

Эмэгтэй баг.

  • Зургаадугаар сарын 22. 23.30 цагт Монгол - Бельги
  • Зургаадугаар сарын 22. 02.15 цагт Монгол - Польш
  • Зургаадугаар сарын 25. 01.00 цагт Монгол - Доминикан
  • Зургаадугаар сарын 25. 04.10 цагт Монгол - Египет

Багийн ерөнхий дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга, дасгалжуулагч - Стив Сөр, хөдөлгөөн засалч - Баттулгын Тэлмэн, Team Delegate - Өлзийбаярын Мөнхчулуун тус тус ажиллана.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө