Тогтвортой хөгжилд түүчээлж ажиллахаар үнэт зүйл, стратегидээ тусгаад буй ХААН Банк ногоон зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлсээр ирсэн билээ.
Энэхүү зорилгын хүрээнд ХААН Банк гэр хорооллын байшинг стандартын дагуу дулаалах замаар дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт үүсгэн, агаарын бохирдлын гол эх үүсвэр нүүрснээс ялгарах утааг багасгах “Дулаан шийдэл” төслийн эхний шатанд “Жерес” ОУТББ-тай 2021 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Энэхүү төсөлд нийт 1,618 өрх хамрагдаж байшингаа дулаалснаар 2,000 гаруй тонн нүүрс түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3,000 гаруй тонноор бууруулж чадсан бөгөөд ХААН Банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлээр байшингаа дулаалах боломжоор хангаж ажилласан юм.
Европын холбооны “Switch-Asia” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл 2” төслийн үргэлжлэх хугацаанд ХААН Банк, “Жерес” ОУТББ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр үргэлжлүүлэн олгох санамж бичигт саяхан талууд гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд байшингаа дулаалах иргэдэд зориулан ХААН Банк хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 3%-ийн хүүтэйгээр зээл олгох юм. Дулаан шийдэл төслийн 2-р үе шатанд төслийн цар хүрээ өргөжиж, Улаанбаатар хотоос гадна орон нутгийн иргэд энэ хөтөлбөрт хамрагдах боломжийг удахгүй бүрдүүлэхээр ажиллаж байна.
Төслийг хэрэгжүүлэгч “Жерес” ОУТББ-ын суурин төлөөлөгч Элиан Жарри “Энэхүү төсөл нь агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй жижиг, дунд бизнесийн эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, банк болон бусад хэрэгжүүлэгч байгууллагуудыг холбож өгөх, эдийн засаг, хүрээлэн буй орчин, хөтөлбөрийн оролцогчдод олон талаараа боломж олгож буйд баяртай байна” гэж онцоллоо.
ХААН Банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар “ХААН Банк ногоон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах ногоон технологиудыг санхүүжүүлсээр ирсэн. Агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй аргуудын нэг нь яах аргагүй гэр хорооллын байшингийн дулаан алдагдлыг багасгах явдал юм. Тиймээс ч бид жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн “Дулаан шийдэл” төслийн 2-р шатанд урт хугацаанд хамтран ажиллахаар болж байгаадаа таатай байна. Байшинд дулаалга хийхдээ нарийн хэмжилтийн үр дүнд байшин бүрт тохирсон шийдлийг сонгож дулаалан, дулаалгын ажлын өмнөх болон дараах бодит үр дүнг хэмжин гаргаж байгаа нь энэ төслийн нэг онцлог юм. Энэ оноос бид илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу жилийн 3%-ийн хүүтэй ногоон зээлийг иргэдэд олгож, олон ыыолон байшинг стандартын дагуу дулаалж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой үр дүн гаргаж хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн онцлов.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк