СТАТИСТИК: Уурхайн салбарын дундаж цалин  3.5 сая төгрөг бол урлагийн салбарынх 919.1 мянган төгрөг байна

СТАТИСТИК: Уурхайн салбарын дундаж цалин 3.5 сая төгрөг бол урлагийн салбарынх 919.1 мянган төгрөг байна

Манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1,450,100 төгрөг болсон тухай Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахдаа хэллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл,

  • эрэгтэйчүүдийнх 1.6 сая
  • эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 717.7 мянган ажиллагч хамрагджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс хоёр (4.4%) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2%)-өөр, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 (5.2%) мянгаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх улирлаас 1.5 (0.2%) мянгаар буурсан үзүүлэлттэй байна.

Тайланд хамрагдсан нийт даатгуулагчийг салбараар нь харвал,

  • 108.2 (15.1%) мянга нь боловсролын салбарын
  • 98.9 (13.8%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын
  • 79.1 (11%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын
  • 73.4 (10.2%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын
  • 46.7 (6.5%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын
  • 45.8 (6.4%) мянга нь барилгын салбарын
  • 42.1 (5.9%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын
  • 40 (5.6%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын
  • 29.3 (4.1%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын
  • 154.2 (21.4%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.

НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1,066.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.

Түүнчлэн ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.5 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 919.1 мянган төгрөг байна.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин нэгдүгээр улиралд 2015 оноос 67 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгдэж буйг онцоллоо.