"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноог олгох “Улаанбаатар их дуулга-2022”-д ОХУ-ын жүдочдыг “ньютрал” буюу “төвийг сахисан статустай” оролцуулах шийдвэрийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) гаргасан.
Тэгвэл уг шийдвэрийг Украины тамирчид эсэргүүцэж, “Улаанбаатар их дуулга-2022” төдийгүй IJF-ээс зохион байгуулсан бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Украины жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерт явуулсан албан бичигтээ “Украин улсад хүнд хэцүү цаг тохиож буй энэ үед манай шигшээ болон залуу тамирчдыг дэмжиж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. ОХУ Украин руу довтолсноос хойш 111 хоног өнгөрчээ. Өдөр бүр Украинд 200 орчим цэрэг, энгийн иргэн амиа алдаж байна. Амиа алдсан хүмүүсийн дунд манай гурван дасгалжуулагч бий.
Дайн эхлэхээс өмнө Украин 30 мянга гаруй жүдогийн тамирчидтай байсан бол одоо тэдний 80 хувь нь спортоор хичээллэх боломжгүй байна. Учир нь ОХУ-ын цэргүүд 500 гаруй спортын объектыг устгасан.
Гэвч энэ үед ОХУ, Беларусийн тамирчид түрэмгийлэгч орныхоо төсвөөр бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлсээр байна. Шигшээ багийн ард байдаг ажилчид ч Спортын яамнаасаа цалингаа авсаар байна. Орос, Беларусийн тамирчид Олон улсын холбооны нэр дээр оролцох учиргүй. Тиймээс манай холбооны тамирчид IJF зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ энэхүү албан бичгээр мэдэгдэж байна. Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнээс хассан цагт бид оролцох болно” гэжээ.