СУРВАЛЖИЛГА: Шинэ автобустай болсон тул 400 саяын цэвэрлэгээний систем нэвтрүүлжээ

СУРВАЛЖИЛГА: Шинэ автобустай болсон тул 400 саяын цэвэрлэгээний систем нэвтрүүлжээ

Автобус заваан байна, жолооч нар соёлгүй байна гэсэн яриа болон сэтгэгдлийг бид өдөр тутам сонсож, хардаг гэхэд хилсдэхгүй. Мөн их хотын нийтийн тээврийн үйлчилгээний бохир байдалд ганцхан зорчигч тээврийн нэгтгэлийн ажилтнуудыг буруутгадаг. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа Зорчигч тээврийн хоёрдугаар баазыг зорьж автобусыг хэрхэн цэвэрлэдэг талаар мэдээлэхийг зорилоо.

ВИДЕО: 

-НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСЫГ ӨДӨРТ ХОЁР УДАА УГААДАГ БӨГӨӨД ДОТОР ЦЭВЭРЛЭГЭЭГ ШАЛГАГЧ НАР АРЧИЖ ЦЭВЭРЛЭДЭГ БАЙНА-

Улаанбаатар хотын зорчигч тээврийн хоёрдугаар баазын хувьд Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая төгрөгийн үнэ бүхий автобус угаадаг төхөөрөмж нэвтрүүлжээ. Ингэснээр нийтийн тээврийн автобусыг өдөрт хоёр удаа угаадаг бөгөөд дотор цэвэрлэгээг шалгагч нар арчиж цэвэрлэдэг байна. Түүнчлэн тус нэгтгэлийн хувьд бүх жолооч, үйлчлэгч нараа туршлагажуулах үүднээс сургалт семинарыг зохион байгуулахаас гадна. Байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс баазаа  ногоон байгууламж болгосон нь онцлог аж.  Бид Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазын дарга Г.Баярмөнхтэй ярилцлаа.

Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар бааз 2022.06.10

 

-Танай автобааз нийтийн тээвэрт явдаг хэдэн автобустай вэ?

-Манайх одоо нийтдээ 154 ширхэг тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Автобуснуудын хувьд цэвэрлэгээ үйлчилгээг хэрхэн хийдэг вэ?

-Өнгөрсөн жил Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн 400 сая төгрөгийн үнэ бүхий автомат угаалгын төхөөрөмж шинэчлэгдэж ирсэн. Автобусыг 6-8 минутад угаадаг. Нэг автобус угаахад 20-30 литр ус зарцуулдаг.

-Өдөрт хэдэн удаа угаадаг вэ? Мөн дотор цэвэрлэгээг хэрхэн хийж байна?

-Манай байгууллагын хэмжээнд автобуснуудын цэвэрлэгээг орой болгон шалгагч, жолооч нар өөрсдөө угааж цэвэрлэж байгаа. Гаднаас нь автомат төхөөрөмжөөрөө угаана. Харин үдийн цайна цагаар болон эцсийн буудлууд дээр шалгагч нар /цэвэрлэдэг хүмүүс/ дотор талд нь чийгтэй цэвэрлэгээ хийж ариутгадаг.

-МАНАЙХ БҮХ УГААЛГАДАА АШИГЛАСАН УСАА ДАХИН ЦЭВЭРШҮҮЛЖ АШИГЛАХ ЗАМААР УСНЫ АСУУДЛАА ШИЙДДЭГ-

Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар бааз 2022.06.10

-Нэг угаахад 20-30 литр ус зарцуулдаг гэсэн шүү дээ. Угаалга хийхэд ашиглаж буй ус аа хаанаас авдаг вэ?

-Цэвэрлэгээ хийхдээ бол саарал усаар буюу цэвэрлэгээ хийсэн усаа дахин цэвэршүүлж саарал ус болгоод цэвэрлэдэг байгаа. Манайх бүх угаалгадаа ашигласан усаа дахин цэвэршүүлж ашиглах замаар усны асуудлаа шийддэг дээ.

-Нийтийн тээврээр зорчиход ихэвчлэн автобусны суудал халтар харагддаг. Суудлын бүрээс цэвэрлэгээний хувьд ?

-Байгууллагын дотор хэсэгт угаалгын том суурин машинтай. Суудлын бүрээснүүдийг салгаж аваад угааж, цэвэрлэдэг юм. Суудлын бүрээсийг долоо хоногт нэг удаа, өдөрт 20-30 автобусны угаадаг.

-Өглөө гарсан автобуснууд нь орой хэр бохир ирж байна.

-Яг одоогоор бол саяхан парк шинэчлэлтээр ирсэн 60 шинэ автобустай байгаа болохоор харьцангуй цэвэрлэгээ үйлчилгээ гайгүй орж ирж байна. Хуучин автобуснууд нэлээд олон жилийн насжилттай болохоор цэвэрлээд цэвэрлээд нэмэргүй. Тэгэхээр зорчигчид маань бас үзэмжгүй муухай байхаар бохир үйлчлүүлдэг байсан. Одоо тэгэхдээ нэлээд соёлтой болоод байна гэж харж байгаа.

-Арилгахад хэцүү ч гэдэг юм уу? Зорчигч нарын гаргадаг хамгийн бохир үйлдлүүд юу байх уу?

-Цэвэрлээд л гаргахад суугаад шууд суудал дээр гутлаа гаргаад тавих ч хүн байна. бүрээсийг нь урах, бохь наана, юм асгана, бүр бусад үйлчлүүлэгчдийнхээ нүдэн дээр бие засах ч тохиолдол байдаг даа. Тиймээс бүгдээрээ цэвэрхэн тээврийн хэрэгслээр зорчихын тулд үйлчлүүлэгч нар маань бас өөрсдөө хувийн соёл сайтай байх шаардлагатай юм.

-Энэ хүү сурвалжилгыг угшиж буй нийтийн тээврийн зорчигч үйлчлүүлэгчдээ хандаж зөвлөгөө өгөөч?

-Манай байгууллагын 370-380 орчим хүн нийтийн тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулах гэж хүчин чармайлт гарган ажилладаг. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж, хүндэлж  зорчигч, үйлчлүүлэгчид маань их хотын нийтийн тээврийн ахуй соёлыг дээшлүүлэх хүрээнд хувийн соёлыг сайжруулж, “Миний юм, бидний юм биш” гэсэн сэтгэлгүйгээр хандаарай гэж уриалъя.

Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар бааз 2022.06.10

Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар бааз 2022.06.10

Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар бааз 2022.06.10

Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар бааз 2022.06.10