ШҮҮХ: Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэй

ШҮҮХ: Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэй

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргасан.
 
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд шүүгдэгч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
  • Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
  • Шүүхээс Н.Түвшинбаярыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Харин бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн хэргийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгосон.
  • Шүүгдэгч Н.Түвшинбаяраас амь хохирогч Э.Энхбатын эмчилгээний зардал болон оршуулахтай холбоотой, бусад зардалд нийт 2,783,502,420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт төлсөн байна.
  • “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн хохирогч болох “Хангай констракшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь тавилга, эд зүйлсийг бүрэн засварласан шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаарх тайлбараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна.
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгээс хэрэгт баримтаар гаргаж өгсөн зардлыг шүүгдэгч Н.Түвшинбаяр нь төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
  • Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр шүүгдэгч Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.