Төрийн ордны баруун хаалган дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд хоёр дахь өдрөө эсэргүүцэл илэрхийлж суусаар байна.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 төрлийн өвчин намдаах эм, тариа, дусал зэрэг байнга хэрэглэх шаардлагатай бүтээгдэхүүнүүд тасарч өвчиндөө шаналж уйлж буй хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд арга буюу Төрийн ордны үүдэнд өчигдөр /2022.06.08/ өдрийн 15 цагаас эхлэн суусаар байна. Тэд төрийн ордонд орж УИХ-д шаардлага хүргүүлж, Ерөнхий сайдтай уулзах гэсэн боловч ордон хамгаалалтаа нэмж хаалгаа түгжсэн.
Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд гарч ирж шаардлагыг хүлээн авчээ. Ингэхдээ эцэг эхчүүдэд хандаж “Та бүхнээс тайван байхыг хүсье бид баасан гаригт /2022.06.10/ эцэг эхчүүдийг хүлээн авч уулзах болно” хэмээсэн.
-20 ГАРУЙ ЭЦЭГ ЭХ ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХАМТ ОРДНЫ ГАДАА ХОНОЖЭЭ-
Гэвч хүүхдүүд нь өнөө маргааш байтугай дараагийн нэг цаг өвчин намдааж, таталтыг зогсоох эмгүй болсон эцэг эхчүүд өвдсөндөө уйлж буй хүүхдүүдээ тэврэн төрийн ордны түгжээтэй төмөр хаалганы гадна зогссоор байсан юм. Мөн 20 гаруй эцэг эх дөрвөн хүүхдийн хамт ордны гадаа хоножээ. Шөнө хүүхдүүд сандаргаж нэг хүүхэд нь таталт өгч ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
-БИДЭНД ОРДНЫ ХАРУУЛУУД Л ХАЛУУН ЦАЙ ГАРГАЖ ӨГЧ ТУСАЛЖ БАЙСАН-
Эцэг эхчүүдийн төлөөлөл, “Өчигдөр шаардлага хүлээж авснаас хойш өөр хэн ч гарч ирээгүй. Мөн ямар ч хэвлэл байсангүй. Бидэнд ордны харуулууд л халуун цай гаргаж өгч тусалж байсан. Шөнө хүүхдүүд маань нэлээд сандаргаж зарим нь эмнэлэгт хүргэгдсэн бид ямар нэг дорвитой шийдвэр гартал энд суух болно” гэсэн юм.
Харин яг одоо Төрийн ордны гадаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан, Т.Доржханд нар гарч ирж, эцэг эхчүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонсож байна.