Сэлэнгэ аймаг ОХУ-ын Буриад улстай бизнесийн салбарт харилцан хамтран ажиллахаар тохиролцжээ

Сэлэнгэ аймаг ОХУ-ын Буриад улстай бизнесийн салбарт харилцан хамтран ажиллахаар тохиролцжээ

“Орос-Монгол-Шинэ бодит байдал дахь түншлэл” сэдэвт Олон улсын анхдугаар форум тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод боллоо.

Форумын хүрээнд сэдэвчилсэн уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. Монгол, Оросын 300 гаруй бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг энэ үеэр танилцуулсан байна. Тус үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ худалдан борлуулалт хийжээ.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тус форумын хөдөө аж ахуйн салбар уулзалтад оролцлоо. Тэрээр Сэлэнгэ аймагтай хамтарч ажиллах боломж, давуу талыг энэ хүрээнд танилцуулсан байна. Засаг даргаар ахлуулсан Сэлэнгэ аймгийн төлөөлөл ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовтой болон салбар яам, газар, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй албан уулзалт зохион байгуулж, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, хил гааль, бизнесийн салбарт харилцан хамтран ажиллахаар тохиролцжээ.

Онцолбол:

  • Хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношмлгоо, салбарын ажилтан ажиллагсдын хамтын ажиллагааг бэхжүүлж, туршлага судлуулан, сургаж мэргэшүүлэх,
  • Буриадын нутаг дэвсгэр дэх их, дээд сургуулиудад оюутан сурагчдын суралцах боломж нөхцөлийг бүрдүүлж, орос хэлний багш нарыг үнэ төлбөргүй сургах, дотуур байранд төлбөргүй байлгах асуудлыг шийдвэрлэх,
  • Хиагт-Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтын шалган нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж Гаалийн постын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Монгол хүүхдүүдийг Хиагтын раойны сургуулиудад сургах, Монголд орос хэл заах зорилготой орос хэлний багш нарын автомашиныг олон улсын “Хиагт-Алтанбулаг” авто замын боомтоор нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх,
  •  Сэлэнгэ, Орхон голын экологийн төлөв байдалд хяналт тавих асуудлаар хамтарсан ажлын баг байгуулах,
  • Мал эмнэлэг, халдварт өвчний эсрэг чиглэлээр хамтран ажиллах,
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор жил бүр нарсны суулгац нийлүүлэх,
  • Соёл урлагийн салбарт хамтран ажиллаж, харилцан урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгуулах,
  • Бизнесийн төлөөллүүдтэй харилцаа холбоо тогтоож, мэдээлэл солилцон барилгын салбарын худалдаа үйлдвэрлэлийн цэг байгуулах, машин тоног төхөөрөмжийн эд анги нийлүүлэх

болон бусад асуудалд хамтарч ажиллахаар харилцан тохиролцоод байгаа ажээ.