МИК: Орон сууцны санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна

МИК: Орон сууцны санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орон сууцны зах зээлд харилцан туршлага солилцох хүрээнд олон улсын орон сууцны санхүүжилтийн эвлэл (IUHF)-д элсжээ.

Уг ажлын хүрээнд гишүүн орнуудын иргэдийг орон сууцжуулах, түүнд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой сувгийг нээх боломжийг нэмэгдүүлэхэд санал бодол солилцон, туршлага судлан хамтран ажиллаж байгаа юм.

Тус Компани нь гадаад зах зээлээс санхүүжилт төвлөрүүлэх замаар орон сууцны санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож, хөрөнгийн зах зээлд бонд гаргах зорилгын хүрээнд олон улсын рейтингийн тэргүүлэх “Moody’s”, “S&P” болон “Fitch” агентлагуудаар зээлжих зэрэглэлээ 2018 онд анх удаа тогтоолгож, Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй адил хэмжээнд жил бүр үнэлүүлдэг аж.

МИК нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартуудад нийцүүлэн, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу гадаад болон дотоодын хараат бус санхүүгийн аудитын тайланг жил бүр тогтмол хийлгэж, үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг компанийн цахим хуудас ба Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар олон нийтэд нээлттэйгээр түгээдэг байна.

Мөн 2017 онд “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт ISO/IEC 27001:2013” стандартыг Их Британийн “BSI Group” компаниар баталгаажуулан  компанийн бүхий л үйл ажиллагааг хамруулан нэвтрүүлж, 2019 онд Францын “Afnor” компаниар дахин баталгаажуулж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг 7 дахь удаагаа баталгаажуулахдаа Монгол Улсад анх удаа “ISO/IEC 27001:2017” стандартыг амжилттай нэвтрүүлсэн билээ.