Сангийн яамнаас одоогоос зургаан сарын өмнө “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулсан байдаг.
Тус хуулийн төсөлд “Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг эмийн зориулалтаар тариалж”, “Амьтан агнах, барих тоог хоёр дахин нэмэгдүүлж”, “Казиногийн үйл ажиллагаа, Хурдан морины бооцоот уралдаан явуулах зөвшөөрөл”-ийг олгоно гэж тусгаж байсан. Харин энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар хойшлуулаад байсан юм.
Тэгвэл дээрх хуулийн төсөлд тусгасан заалтууд нь бие заасан хууль болж, “мэндлэх” бололтой.
Учир нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Казиногийн тухай хууль”-ийн төслийн удахгүй УИХ-ыд өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ талаар "Казино болон морин бооцоот уралдааны тухай хуулийн төслийг удахгүй өргөн барихаар төлөвлөж байна. Казиног хамгийн их либералчилсан, бодитойгоор хөрөнгө оруулах, дараа нь хамгийн их татвар төлөх, Монгол иргэд ордоггүй ийм казино байгуулахаар бид судалж хуулийн төсөл бичсэн. Казино байгуулах газрыг аль нэг байгууллагын буланд түрээслээд бус, хоосон газарт бодит хөрөнгө оруулалт болохуйц байдлаар төлөвлөж байна.
Казинод монгол хүн оруулахгүй байх тал дээр маш хатуу хаалт тавьж өгнө. Хэрэв монгол хүн орсон байвал тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг нь цуцална. Харин морин бооцоот уралдааныг Хонгконг загвараар байгуулахаар судалж байна. Морин бооцоот уралдаанд улсын баяр наадамд өндрөөрөө хасагдсан, шинэ монгол адууг уралдуулах талаар хуулийн төслөө боловсруулсан” гэсэн юм.
-МОНГОЛ ХҮН ОРОХ ЭРХГҮЙ ХОЁР КАЗИНО БАЙГУУЛНА-
Казино байгуулах тухай “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуульд дараах зохицуулалттайгаар явагдахаар зааж байжээ. Тухайлбал, казино, хурдан морины бооцоот тойруулгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Засгийн газраас 10 жилийн хугацаатай олгоно гэж тусгажээ.
Тодруулбал,
- Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой хоёр хүртэлх бүс нутагт олгоно. Казиногийн аялал жуучлалын бүс нутгийг Засгийн газар тогтооно.
- Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгоно.
- Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүйболгох, нөхцөл журмыг Засгийн газар батална.
Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид Монгол Улсын иргэнд үйлчлэх, 21 нас хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үйлчлэх, зөвшөөрөл казиногийн байгууламжаас гадна үйл ажиллагаа явуулах, нийтэд хандсан зар сурталчилгаа явуулахыг хориглож аж. Харин казино дотор тоглуулж болох бооцоот тоглоомын төрлийн жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах юм байна. Казиногийн үйл ажиллагаа хураамж, татварын хэмжээ хэд байх талаар хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.
- Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь (нэг зуун мянган) америк долларын хураамж төлнө.
- Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр орлогын 25 хувьтай тэмцэх татварыг улсын төсөвт төлнө.
-ХУРДАН МОРИНЫ БООЦООТ УРАЛДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 10 ЖИЛЭЭР ОЛГОНО-
Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагааг Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох нөхцөл журмыг мөн Засгийн газар тогтооно гэж заажээ.
Тодруулбал,
- Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Засгийн газар эдийн засгийн үр өгөөж, аялал жуучлалыг хөгжүүлэх боломжийг харгалзан 2 байршил тогтооно.
- Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана.
- Казиногийн үйл ажиллагаа, хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа болон тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй.
Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хураамж нь 35 мянган ам.доллар байх аж. Энэ талаар хуулийн төсөлд,
- Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 35,000 (гучин таван мянган) америк долларын хураамж төлнө.
- Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр орлогын 25 хувьтай тэмцэх татварыг улсын төсөвт төлнө.
-ТААВАРТ БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗАСАГ ДАРГА ОЛГОНО-
Казиногийн тухай хуульд "Бооцоот тоглоомын үйл ажиллагаа"-г зөвшөөрөх аж. Харин тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гурав хүртэлх жилийн хугацаатайгаар олгоно гэжээ.
Тодруулбал,
- Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
- Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх жилийн хугацаатай олгоно" гэжээ.
Энэ нь иргэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгоно гэдгийг ч Хууль зүйн сайд Х.Нямбаатар онцолсон. Ямартай ч казинотой болно гэж олон жил дуншсан энэ асуудал удахгүй нэг талдаа гарч, Монгол Улс казинотой болох нь ээ.