Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газрыг “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч одоо 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн төдийгүй аль хэдийн 1m2 үнийг 2,9-3,7 сая төгрөгөөр "нууцхан" зараад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүний дараа өнгөрсөн Лхагва гараг /2022.4.13/-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас хамтарсан шалгалтын баг гарч, “Эм энд Жи” констракшны үйл ажиллагааг шалгаж эхэлсэн. Гэвч хяналт, шалгалтаар “Эм энд Жи” констракшн нь барилгын үйл ажиллагаа явуулах явцдаа хэд хэдэн хууль, дүрмийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Мөн МХЕГ, НМХГ-ын шалгалтын үйл ажиллагаанд төрийн ордноос нэр бүхий хүн нөлөөлж байж болзошгүй байна.
-НЭГДҮГЭЭРТ: ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШНЫ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ГАЗАР УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСТЭЙ ДАВХЦАЖ БАЙГАА НЬ ТОГТООГДЖЭЭ-
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасан байдаг. Гэвч Эм энд Жи констракшны одоо барьж буй орон сууц усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.
Тэгвэл 2020 оны есдүгээр сард Нийслэлийн засаг даргын үүргийн орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ хуулийг үндэслэн “Энд энд Жи” констракшны газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж болгох захирамж гаргасан ч хүчингүй болсон байдаг. Захирамжид
- “Эм Энд Жи ХХК нь усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар байгуулах зориулалтаар авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй,
- Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь тогтоогдсон,
- Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна” гэжээ.
Дээр дурдсан Байгаль орчин ногоон хөгжил, Барилга хот байгуулалтын сайдын тушаалд “усны эх үүсвэр онцгой хамгаалалтын дэглэмд заасан шаардлагыг хангаж цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар зохицуулахыг даалгасугай” гэсэн байгаа юм.
Гэвч “Эм энд Жи” констракшн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Ингээд 2021 оны гуравдугаар сард буюу Д.Сумъяабазар хотын даргын үед Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хэлэлцээд “Эм энд Жи” констракшны талд шийдвэрлэсэн. Хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэвч Нийслэлийн засаг дарга яагаад давж заалдах хүсэлт өгсөнгүй, чимээгүй өнгөрөв гэдэг нь анхаарал татаж байна. Нөгөөтээгүүр энэ нь анхнаасаа шүүх болон НЗДТГ-тай тохиролцсон байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
ХОЁРДУГААРТ: “УСАН ПАРК БАРИНА” ГЭЖ ХАШААЛААД ОРОН СУУЦ БАРЬЖ ЭХЛЭХДЭЭ ДУНД ГОЛЫГ ДАГАЖ УРГАСАН БУРГАСЫГ ХЯДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Бургас нь ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой ургамал. Тийм ч учраас барилгын үйл ажиллагаа явуулж буй аливаа хуулийн этгээдийг бургас, ой модыг сүйтгэхийг хуулиар хориглодог.
Гэвч “Эм энд Жи” констракшн усан сан барина гэж хашаалаад орон сууц барьж эхлэхдээ Дунд голыг дагаж ургасан бургасын тодорхой хэсгийг “хядсан” байж болзошгүй байна.
Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын Барилгын норм ба дүрмийг зөрчсөн ч байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамнаас баталсан “Барилгын норм ба дүрэм”-д “Орон сууцыг төмөр замын захын тэнхлэгээс 100 м-ийн өргөнтэй эрүүл ахуй хамгаалалтын зурвасаар тусгаарлана” гэсэн байдаг. Харин “Эм энд Жи” компанийн барилгын үйл ажиллагаа явуулж буй газар, төмөр замаас 100 метр хүрэхгүй зайтай байж болзошгүй байна.
Дээр дурдсанчлан усан паркийн асуудал олны анхаарлын төвд орсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтарсан баг томилж, тус компанийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн. Шалгалтаар дээрх зөрчлүүд илэрсэн байж болзошгүй байна. Гэвч шалгалтын үйл ажиллагааг нууцлах, орон сууцны барилгын үйл ажиллагааг “чимээгүйхэн” саадгүй үргэлжлүүлэхийг нэр бүхий өндөр албан тушаалтан төрийн ордноос даалгасан гэх мэдээлэл байна.