"Ehlel Brand"-ийн нэрийн дэлгүүрийг дээрэмдэж, ажилтны биед халдаж буй бичлэг өнөөдөр /2022.04.12/ цахим орчинд цацагдсан билээ.
Тэгвэл энэ нь тус байгууллагын утасгүй чихэвчний рекламны маркетинг байсан талаар “Ehlel Brand”-ийн захирал Ч.Батзаяа мэдэгдэж, хүлцэл өчсөн. Харин энэ нь орлого ашиг олох зорилготойгоор гэмт хэргийг сурталчилсан үйлдэл учир Эрүүгийн цагдаагийн албанаас "Ehlel Brand"-ийн удирдлагуудыг дуудаж, шалгахаар болсон байна.
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ" хуулийн 32 дугаар зүйлд
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг: 32.6.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга, хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно гэж заажээ. Харин эл хуулийг зөрчсөн аж ахуй нэгжийг НЭГ САЯ төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай аж.