БАРИМТ: АТГ-ын эзэмшлийн газарт 16 давхар барилгыг замтай тулгаж, явган хүний гарц дээр, стандарт зөрчиж барьжээ

БАРИМТ: АТГ-ын эзэмшлийн газарт 16 давхар барилгыг замтай тулгаж, явган хүний гарц дээр, стандарт зөрчиж барьжээ

Авилгатай тэмцэх газар /АТГ/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд авто замын уулзвар, явган хүний зам дээр 16 давхар барилга бариулж, хэдийнээ ашиглалтад оруулжээ. Энэхүү барилга нь АТГ-ын ажилчдын орон сууцны барилга аж. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдын орон сууц бариулж байгаа нь сайшаалтай ч авто замын уулзвар, явган хүний гарц дээр барилга барьсан нь анхаарал татаж байна.

ВИДЕО: 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центрын зүүн хойно байрлах тус 16 давхар барилгын суурь нь автомашины замаас хэдхэн метрийн зайтай байх бөгөөд тэнд хүүхдийн тоглоомын талбай бүү хэл автомашин тавих зай бараг байхгүй байгаа юм. Барилгыг цагаан төмөр хашаагаар тойруулж, төв замаас тусгаарлажээ. Харин хашааны хойд талын том хаалга болон урд талын жижиг хаалга нь явган хүний гарцтай нийлсэн байгаа юм. Тэгвэл тус барилгыг үнэхээр АТГ-аас бариулж байгаа юу, хэн ч харсан барилгын норм, стандартыг зөрчсөн байх магадлалтай тус барилгын барих зөвшөөрлийг хэн өгөв, эл газар нь хэний эзэмшилд байдаг зэргийг сурвалжлав.

Тус газрын тухай албан ёсны мэдээлэл. 2022.04.11

-АТГ ТУС ГАЗРЫГ 15 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЭЗЭМШИХЭЭР АВЧЭЭ-

Тэгвэл АТГ нь 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр тус барилгын газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр өөрийн нэр дээрээ авсан байна. 850м2 талбайтай тус газарт АТГ 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц барихаар газрын зөвшөөрлийг авсан гэх мэдээлэл нь газрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байгаа юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар барилга барих зөвшөөрлийг 2018 онд олгосон бөгөөд 2019 онд нэг давхартаа үйлчилгээтэй, орон сууц барих ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авсан гэх.

АТГ-ын нэр дээр бүртгэлтэй газарт 16 давхар орон сууц баригдсан байдал. 2022.04.11

Угтаа Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэмд:

  • Барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас ихгүй, зам, талбай, ногоон байгууламж 30 хувиас доошгүй байхаар тусгасан, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн.
  • Орон сууцны эдэлбэр газрын улаан шугамаас гудамж замын ирмэг хүртэлх зай хэмжээг хангасан.
  • Барилгын эдэлбэр газарт нь оршин суугчид болон хүүхэд амрах, тоглох тоглоом бүхий талбайтай төлөвлөсөн байна гэж заажээ.

Гэвч АТГ-ын ажилчдын орон сууцны гэх барилга нь авто замын уулзварт тулган барьсан дээрх норм стандартад үл нийцэж байгаа юм. Гэтэл тус барилга нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, ямар нэгэн эрсдэлд оруулж болзошгүй атал зөвшөөрөл олгож, ашиглалтад орох хүртлээ баригдсан байгаа нь АТГ үүнд нөлөөлөв үү гэх хардлагыг ч төрүүлж байна. Ямартай ч барилгын стандарт, норм дүрэм зөрчсөн АТГ-ын эзэмшлийн газар 16 давхар барилга баригдаж ашиглалтад орох гэж байна.




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө