Иргэн М: Шонгийн модноос гавласан цагдаад биш, бичлэг хийсэн эмэгтэйд гомдолтой байна /ВИДЕО/

Иргэн М: Шонгийн модноос гавласан цагдаад биш, бичлэг хийсэн эмэгтэйд гомдолтой байна /ВИДЕО/

Хүний халдашгүй дархан байх эрхийг хүн бүр хүндэтгэн дээдлэх учиртай. Гэтэл саяхан нэгэн согтуу иргэнийг шонгийн модноос гавлаж, эрхэнд нь халдсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, нэлээд асуудал хөндөгдсөн билээ. Тэгвэл эрхээ зөрчүүлсэн Завхан аймгийн Тэлмэн суманд оршин суух иргэн М-тэй ярилцлаа.

ВИДЕО: 

-Шонгийн модноос гавлаатай байгаа таны бичлэг цахим сүлжээнд олны анхаарлыг татаж, хүний эрхийн асуудал хүртэл хөндөгдсөн. Та тухайн өдөр яг юу болсон талаар тодруулаач?

-Би тухайн өдөр ойр зуурын хүнсний зүйлээ цуглуулахаар сумын төвдөө орж ирсэн юм. Тэгээд хоёр найз, базтайгаа хамт нэг шил архи хувааж уусан. Ингээд бага охиноо машинтай, том охиноо мотоциклтойгоо авч явахаар болсон. Тэгээд том охин дотуур байр руугаа орж өмдөө давхарлаж өмсөхөөр орсон юм.

Харин удалгүй над руу залгаад “Багш намайг мотоциклтой явуулахгүй гэнээ” гэж хэлсэн.

Яагаад явуулдаггүй билээ гээд би багшид нь хэлэхэд багш нь “Хүйтэн байхад бид хүүхдийг мотоциклтой өгч явуулахгүй” гэсэн харин би “Маргааш амралтын өдөр болохоор би хүүхдээ авч явна” гээд маргаан үүссэн. Тухайн үед хүүхдүүд шавж зогсоод байсан учраас өндөр дуугаар тарахыг шаардсан. Харин байрны багш агсам тавилаа гээд цагдаа дуудсан авч ирсэн. Тэгээд цагдаа намайг аваад явсан. Ингээд түр саатуулах байранд очоод мотоцикл хурааж аваад намайг явахаа гэсэн. Харин би цочмог ууртай болохоороо цагдаад “Та нар тэгвэл наад мотоциклоо авахгүй юу. Наадах чинь надад хэрэггүй. Эргээд харин та нар намайг эргээд олохгүй, үхсэн байна гэж мэдээрэй” гэж хэлсэн. Тэгээд цагдаа намайг шонгийн модноос гавласан. Харин үүнд бол би гомдохгүй байгаа. Үнэхээр тухайн үед би согтуу, охин хүүхдээ авч явж байгаад ямар нэгэн зүйл болсон бол харамсаад байхгүй байх байсан. Харин үүнээс цагдаа сэргийлж, арга хэмжээ авсанд нь баярлаж байгаа.

-Тухайн үед цагдаа таныг цастай хүйтэнд олон цагаар шонгийн модноос гавлаж, эрхийг нь зөрчлөө гэж олон нийт үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэхгүй байна гэж үү?

-Цагдаад үнэхээр гомдох зүйл байхгүй. Харин ч баярлаж байгаа. Би гавлуулсан байхдаа согтуу байсан. Тэгээд төвд ору ирээд 4, 5 цаг болж байна гэдгээ хэлэх гэж байгаад 4,5 цаг гавлаатай байна гээд хэлчихсэн байна лээ. Энэ бол миний үгний алдаа. Харин би 20-30 минут л гавлаатай байсан байх. Тухайн өдөр цас хайлмагтаад хэссэн байсан болохоор миний өмсөж явсан монгол гутал норж, хөл жаахан даарсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хөлдөж, гэмтсэн зүйл байхгүй.

-Цагдаагийн байгууллагаас таныг шонгийн модноос гавласандаа уучлалт гуйсан гэж байсан. Үнэхээр таниас уучлалт гуйсан уу?

-Цагдаа намайг гавласнаас хойш 20-30 минутын дараа надаас “Чамд сумын төвд очих айл байгаа юу гэж асуухад нь би “Манай базынх сумын төвд байдаг” гэж хэлсэн. Тэгээд цагдаа намайг манай базынд хүлээлгэж өгсөн. Тэндээсээ унаагаар гэррүүгээ хүргүүлсэн.

Харин маргааш нь адуу малаа нааш, цааш нь болгоод байж байтал цагдаагийн байгууллагаас утастаж, “Сумын төврүү ирэх боломжтой юу. Аймгийн цагдаагийн дарга ирэхээр болсон” гэсэн.

Харин би “Унаагүй байгаа” гэдгээ хэлэхэд ирж авахаар болсон. Тухайн үед яах гэж байгаа юм бол л гэж бодож байтал Цагдаагийн дарга болон хэсгийн төлөөлөгч нар надаас уучлал гуйсан. Тэд “Шонгийн модноос гавласанд нь бидний буруу. Таниас албан ёсоор уучлал гуйж байна” гээд уучлалт гуйсан.

-Тухайн үед таны бичлэгийг ямар хүн хийсэн юм бэ. Бичлэг хийх зөвшөөрөл аваагүй гэж байсан уу?

-Тийм ээ. Бичлэг хийхийг би зөвшөөрөөгүй. Бичлэг хийж байна гэдгийг нь ч мэдээгүй. Тэр эмэгтэй утсаа урдаа барьсан надтай юм яриад л байсан. Би зүгээр л надтай ярьж байна гэж ойлгосон. Гэтэл цагдаа тэр хүнийг “Та бичлэг хийгээд байгаа юм уу” гээд утсыг нь шалгах гэхэд нь би чамд утсаа шалгуулах үүрэг байхгүй гээд шалгуулаагүй. Гэтэл бичлэг хийгээд зогсохгүй, олон нийтийн сүлжээнд тавьсан байсан.  Тэр хүний хүүхэд нь машинаа барьж яваад саатуулагдсан юм билээ. Тэгээд машинаа авч чадаагүйдээ л шаралхаж, бичлэг хийгээд миний нэр хүнд, цаашлаад бүхэл бүтэн цагдаагийн байгууллагын нэр хүндийг доромжилж гутаалаа.

-Таны бичлэгийг хийж, цахим сүлжээнд тавьсан байсныг та анх яаж мэдсэн бэ?

-Би энэ ухаалаг утсыг сайн мэдэхгүй. Харин манай эхнэр бол мэднэ. Тухайн гавлуулсан өдрийнхөө маргааш нь гэртээ хариад байж байтал эхнэр фэйсбүүк орчхоод “Хүүе энэ бичлэгт чи байна. Хүүе хаая гээд. Тэгэхээр нь очоод хартал миний бичлэгийг хийгээд Тэлмэн сумын нэгдсэн групп дээр тавьсан байсан. Бас зөндөө олон газар шэйр гэдэг юм хийгдээд орон даяар тарсан байсанд үнэхээр их гайхсан.

-Та тухайн бичлэг хийсэн хүнтэй холбогдсон уу?

-Би тэр хүнтэй ярьж хэлж, өнөөдөр хүртэл ярьж хэлсэн. Та яагаад миний бичлэгийг хийсэн юм бэ. Яагаад бичлэг хийгээд, цахим сүлжээнд тавьчих ваа. Та үүнийгээ устгаач ээ гэж хэлсэн.  Тэгсэн тэр эмэгтэй “Чи яасан тэр  цагдаа нараасаа айгаад байгаа юм уу. Яасан хулчгар залуу вэ гэж байна лээ. Хүний зөвшөөрөлгүй бичлэг хийгээд түүнийг цахим сүлжээнд тавьсан нь миний нэр хүндэд халдсан, хүнийг эрхийг зөрчсөн үйлдэл гэж би үзэж байгаа. Би үнэхээр гомдолтой байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдлоо гаргана.

-Бичлэг цацагдсанаас хойш танд ямар нэгэн эвгүй хардлага энэтэр ирээгүй биз дээ?

-Цахим сүлжээнд нь элдэв юм бичигдэж байх шиг байна. Бас зарим нэгэн таньдаг хүн утсаар ярих юм. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр эвгүй л байна. Ямар сайн даа л сумын төвд хүн амьтантай таарах вий, танигдчихвий гээд амны хаалт зүүгээд доошоо хараад л явж байна даа. За би ч яахав. Хүүхдүүдийг маань ангийнхан нь сургуулийнхан нь гээд хүүхдүүд элдвээр хэлж шоолж, тохуурхах вий гэдгээс л айж эмээж байна. Уг нь тэгтлээ архи дарс ууж, агсам согтуу тавиал байдаггүй хүн. Багаасаа сургууль соёлоор яваагүй ч өөрийнхөө хүчээр бичиг үсэг сурсан жирийн л нэгэн малчин хүн. Харин нэг удаа гаргасан алдаа, хэн нэгний хүний эрхэнд халдсан буруу үйлдлээс болоод байнгын архи уудаг, агсам согтуу тавьдаг муу хүн болчихлоо. Ийм байдал үүсгэсэндээ бас уучлалт хүсэж байна.