Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Зориг агсны хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэх ТЕГ-ын тасгийн дарга асан, хурандаа О.Бархасбадид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагт эхэлсэн билээ.
Тэгвэл О.Бархасбадь нь өмгөөлөгч нэмж авсан учир өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм байна.
Хэргийн талаар эргэн сануулахад Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр О.Бархасбадийг цагаатгах тогтоол гаргасан байна. Гэвч хохирогчдын гомдлоор давж заалдах шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байдаг.