Залуу бөхчүүдийн барилдаанд Өмнөговь аймгийн харьяат Б.Бат-Эрдэнэ түрүүлжээ

Залуу бөхчүүдийн барилдаанд Өмнөговь аймгийн харьяат Б.Бат-Эрдэнэ түрүүлжээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсан байна. 
 
Харин Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Говийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн манлай заануудын нэг, өнөөдрийн барилдааны зүүний магнай Батхүүгийн Бат-Эрдэнэ 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Хан Хэнтий аварга дэвжээ, Сүлд спорт хорооны бөх, сумын баяр наадамд 2 түрүүлж, 2 үзүүрлэсэн сумын заан Батжаргалын Боорчи үзүүрлсэн байна.
 
Их шөвгийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээ, Хилчин спорт хорооны бөх, сумын заан Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Их Монголын Хүчтэн дэвжээ, ЗХ-ний 016-р нэгтгэл, Баянгол усан спорт сургалтын төвийн бөх, сумын заан Чулуунбатын Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Сүхбаатарын Сүхбат нар шалгарав.
 
Харин аравт Ховдын У.Батцоож, Хөвсгөлийн М.Цэрэн, Өмнөговийн М.Буяндэлгэр, Завханы М.Цогтгэрэл, Сүхбаатарын С.Ган-Эрдэнэ нарын заанууд үлдсэн юм.
 
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай. Барилдах бөхчүүдийг 10:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.