Х.Бат-Ялалт: Хөгжлийн банкнаас нийт 1,8 их наяд төгрөгийн зээл авсан 70 зээлдэгчийг илрүүлэх тусгай ажлын хэсэг томилохыг зөвлөж байна

Х.Бат-Ялалт: Хөгжлийн банкнаас нийт 1,8 их наяд төгрөгийн зээл авсан 70 зээлдэгчийг илрүүлэх тусгай ажлын хэсэг томилохыг зөвлөж байна

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх газарт хэд хэдэн чиглэл бүхий зөвлөмж хүргүүлж буйгаа өнөөдөр танилцуулан мэдээлэл хийлээ.

Тус зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалт “Бидний зүгээс тодорхой асуудлуудаар зөвлөмж хүргүүлж байна. Үүнд:

  • Нэгд. Авилга, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, оновчтой үр дүнтэй зохион байгуулан олон нийтэд илүү нээлттэй, ил тод ажиллахыг зөвлөж байна.
  • Хоёрт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахин ажиллахыг зөвлөж байна. Тухайлбал, авилгаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, авилга албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлыг бодитоор тогтоох, учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгч нь тодорхой нэг байгууллагад авилгын хэрэг удаа дараа давтагдан үйлдэгдэж байгаагаас үзэхэд АТГ-ын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байна гэж бид үзэж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн, өөр найман хэрэг шалгагдаж байгаа, дараагийн захирал Б.Батбаярыг мөн шалгаж байгаа талаарх мэдээллийг АТГ-аас хийж байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг байгууллага дээр авилга гэдэг зүйл бугшчихсан, дарга болгон нь авилгын ямар нэгэн асуудалтай холбогдоод байгаа нь АТГ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна гэж бид дүгнэж байна.
  • Гуравт. Шүүгч, прокурор, АТГ, цагдаагийн албан хаагчидтай холбоотой авилга, албан тушаалын гэмт хэргийн тухай мэдээлэл ил тод байлгаж, санаачилгатай ажиллахыг зөвлөж байна.

Мөн Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбогдох хэргийг зөвхөн 26 зээлдэгчийн 884 тэрбум төгрөгийн  зээлийн шалгалтаар хязгаарлахгүйгээр найдваргүй, чанаргүй ангилалд нэгэнт шилжсэн нийт 70 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөгийн зээлийг хамруулан энэ ноцтой гэмт хэргийн жинхэнэ  эзэн холбогдогч, хамаарал нөлөөллийг ердийн журмаар тогтоон илрүүлэх боломжгүй тул прокурор, АТГ тусгай хэсэг ажлын хэсэг томилон ажиллуулахыг зөвлөж байна.

Зөвлөмжтэй холбогдох мэдээллүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа бид мэдэгдэж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: