ШУУРХАЙ: Есдүгээр ангийн сурагч 00-ийн өрөөнд нэгнээ зодсон хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна

ШУУРХАЙ: Есдүгээр ангийн сурагч 00-ийн өрөөнд нэгнээ зодсон хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын … дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд есдүгээр ангийн сурагч үе тэнгийн хүүхдээ зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн Баасан гаригт /2021.12.03/ гарсан бөгөөд уг хэргийн бичлэгийг хүүхдийн найз нь хийжээ. Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас сургуулийн удирдлагад тус хэргийн талаар мэдэгдэж, баримтжуулан шалгаж байгаа аж.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга, хурандаа Б.Баатархүү, "БЗД нутаг дэвсгэрт байрлах ЕБ … дугаар сургуулийн 00-ийн өрөөнд 2021.12.03-ны өдрийн орой 9-р ангийн сурагчийг тус сургуулийн 9 ангийн сурагч “М” зодож, ангийн  хүүхэд нь бичлэг хийсэн байна. БЗД-ийн ЦГ-с Тус сургуулийн удирдлагад мэдэгдэн материалжуулан шалгаж байна" гэж мэдэгдлээ. 

 

Дашрамд дурдахад, Эрүүгийн хуулийн 6.2.1-т "Гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан. Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг байна. Зарим тохиолдолд 14 насандаа хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгийг устгах гэмтээх зэрэг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Харин 14-өөс доош настай хүүхэд эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд ял оноодоггүй байна.

Хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд 14 нас хүрээгүй буюу бага насны хүүхэд нь өөрийн үйлдлийн хор уршгийг бүрэн ухамсарлах чадваргүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрээгүй бол тухайн хэргийг үйлдэгч эсвэл хохирогч ч бай бага насны хүүхэд л гэж үздэг учраас ял оноох эрхзүйн бололцоогүй аж. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгохыг заасан байдаг. Ингэснээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх юм бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Эрүүгийн гэмт хэргээс гадна, иргэний зөрчил буюу бусад мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцна гэж тус тус заажээ.




Өнөөдөр хулгана өдөр

20 цагийн өмнө