Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн өчигдөр “Шангри-Ла” зочид буудалд эхлэсэн. Тус чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Ес дэх удаагийн тус чуулга уулзалт, үзэсгэлэнг Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулж байгаа билээ.
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том платформ болж ирсэн чуулга уулзалтаар зах зээлийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон хэд хэдэн томоохон судалгааг танилцуулна.
Тухайлбал, Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн 2019-2020 оны төлөв байдлаас гадна коксжих нүүрсний зах зээлийн ойрын ирээдүйг олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагууд хэлэлцүүлэхээр зэхсэн. Үүнээс гадна бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг энэ удаа ярилцахаар болсноороо нэлээд шинэлэг болох аж.