Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлнэ

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлнэ

Манай улсын хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл улам нэмэгдэж, давтамж жил ирэх тусам ойртож байгаа нь гамшигтай тэмцэх чадавхи, бэлэн байдлаа дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллахыг сануулсаар байна.

Тийм ч учраас Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл 2 дугаар шатны төслийг эхлүүлэх саналыг ЖАЙКА-гийн талд тавиад байсан юм.

Өнөөдөр /2021.10.19/ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ЖАЙКА-гийн төв оффис, Даян дэлхийн хүрээлэн буй орчны газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга Мацүмото Хидэакитай цахимаар холбогдож, тус төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх баримт бичгийн саналыг бэлтгэх тэмдэглэлд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар гарын үсэг зурсан байна.

Төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхийг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дэмжих, сургалтын бааз, материал бий болгоход анхаарч ажиллахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.