ТОЙМ: “Тэрэлжийн нууц уулзалт”-аар УИХ-ын гишүүдийг авилгадаж, тус бүрд нь 4 тэрбум төгрөг тавьж өгчээ

ТОЙМ: “Тэрэлжийн нууц уулзалт”-аар УИХ-ын гишүүдийг авилгадаж, тус бүрд нь 4 тэрбум төгрөг тавьж өгчээ

2022 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Төсвийн тухай мэдээлэл, шинэ өнцөг бүрийг бид тус бүрчлэн хүргэж буй билээ. Сангийн яамнаас ирэх оны төсөвт УИХ-ын нэг гишүүнээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авсан.

-ӨНГӨРСӨН САРД МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД НУУЦ УУЛЗАЛТ ХИЙЖ ТӨСӨВ ХУВААРИЛСАН -

Өөрөөр хэлбэл тойргийн хөрөнгө оруулалт нэрээр УИХ-ын гишүүн тус бүрээс дөрвөн тэрбум төгрөгийн санал авч яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Энэ нь Засгийн газраас УИХ-ын гишүүдийг “авлигадсан” үйлдэл үү гэдэг нь анхаарал татаж  буй юм. Учир нь өнгөрсөн есдүгээр сарын 11, 12 /2021.09.11,12/-ны өдрүүдэд МАН-ын удирдлагууд "Тэрэлж"-д маш нууц уулзалтыг, өндөр хамгаалалтын дор хийсэн байдаг.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзаад 2022 оны  төсвийн хуваарилалт, тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэх нэрээр дотоод тохироогоо хийсэн. Тэд доорх гурван асуудлаар тохирсон гэдэг. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү./

Тодруулбал,

  1. Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхгүй байх
  2. Ирэх арваннэгдүгээр сард товлогдсон Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг "хэл, амгүй" намын даргаар жинхлэх.
  3. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүд болон сайд нарыг тоог нэмэх асуудлаар ярилцаж тохирсон.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн бүрд дөрвөн тэрбум өгөхөөр тохироод Засгийн газраа авч үлдэхээр тохирсон гэсэн үг юм. Энэ уулзалтын үр дүн одоо гарч УИХ-ын гишүүн бүр дөрвөн тэрбум төгрөгийг тойрогтоо тавиулж байна. УИХ-ын гишүүдийн хувьд уг төсвөөр тойрогтоо бүтээн байгуулалт хийнэ, хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулна гэж тайлбарлаж буй. Тиймдээ ч уг төсвөөс татгалзах боломжгүй гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Ганбаатар зэрэг гишүүд хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд үүнийг эсэргүүцэж буй юм.

-ГИШҮҮДЭД НИЙТ 304 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГЧ ТӨСВИЙН АЛДАГДЛЫН 15.2 ХУВЬТАЙ ТЭНЦЭНЭ -

Ирэх оны төсвийн орлогыг 16 их наяд, алдагдлыг 18 их наядаар тооцсон. Уг алдагдлыг бага хувиар ч болтугай бууруулах зайлшгүй шаардлагатай гэж эдийн засагчид хэлж байгаа. Бууруулах ганц арга бол хэмнэлт. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тойрогт өгч буй 4 тэрбум төгрөгийг болиулах хэрэгтэй гэж МУИС-ийн багш,  профессор Б.Отгонтөгс хэлжээ.

Тодруулбал, тэрбээр “өмнө нь нэг гишүүнд жилд 250 сая гээд, дөрвөн жилд нэг тэрбум төгрөг хуваарилдаг байсан. Парламентын гишүүдийн дийлэнх нь орон нутгаас сонгогддог учраас энэ мөнгө Улаанбаатар хотод амьдрах хийгээд, батлуулах хуулиа тойрогтоо танилцуулах, хийж буй ажлаа сурталчлах, орон нутгийнхаа ЖДҮ-д бага ч болтугай хөрөнгө оруулах зэрэгт хэрэглэгддэг байсан. Харин ирэх жил энэ зардал дээр нь нэмээд 4 тэрбум төгрөг өгч буй нь төсвийн алдагдлыг нэмж буй хэлбэр юм” гэжээ.

Нэг гишүүнд дөрвөн тэрбум гэхээр нийт 304 тэрбум төгрөг болж төсвийн алдагдлын 15.2 хувьтай тэнцэнэ. УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзвал төсвийн алдагдлыг 15.2 хувиар бууруулах боломжтой гэсэн үг юм. Нөгөөтэй, Засгийн газар УИХ-ын гишүүдэд дөрвөн тэрбум төгрөг өгч авлигадаж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.