Өнөөдөр /2021.10.05/-өөс яг 14 хоногийн өмнө манай улс шатахууны хомстолд орж, энэ байдал долоо хоног үргэлжилсэн. Харин өнгөрсөн долоо хоногт АИ 92 автобензины тодорхой хэмжээний нийлүүлэлт ОХУ болон БНХАУ-аас хийгдсэн.
Тодруулбал, ОХУ болон БНХАУ-аас манай улсад нийлүүлсэн 9750 орчим тонн АИ-92 автобензин нь 8 хоногийн нөөц болохыг Засгийн газраас мэдэгдэж байв.
Тэгвэл АИ 92 автобензины борлуулалт дахин хязгаарлагдаж болзошгүй байна.
Учир нь Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай тушаал өнөөдөр /2021.10.05/ гарчээ. Тус тушаалд, “2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон” хэмээжээ.