АНУ-д маш өндөр шалгуур, өндөр босго давж гэмээн цагдаагийн албан хаагч болдог. Нэг ёсондоо илүү чадвартай, илүү сахилга бат тэвчээртэй, илүү хөдөлмөрч, хичээнгүй байсан нь шигшигдэж, цагдаа болдог гэдэг.
Тэгвэл АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын цагдаагийн академийг саяхан Монгол залуу Б.Хатанбаатар төгсөж, ирэх долдугаар сард үүрэгт ажилдаа томилогдох гэж байна. Бид түүнтэй холбогдож, цагдаагийн академид хэрхэн тэнцсэн, ямар шалгалт, шалгуурыг давж АНУ-ын цагдаагийн алба хаагч болдог хийгээд бусад зүйлсийн талаар ярилцлаа.
-БҮХ ШАЛГАЛТАА ӨГЧ ТЭНЦСЭН БАЙЛАА Ч ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА
НАРЫН ЗӨВЛӨЛ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ХАСАГДАНА-
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. АНУ-ын цагдаагийн албанд Монгол залуу тэнцсэн талаарх мэдээг олон хүн эерэгээр хүлээн авч, танаар бахархаж байгаагаа хэлж байлаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. АНУ-д очоод хэдэн жил болж байна?
-Баярлалаа. Намайг Б.Хатанбаатар гэдэг. Би Өмнөговь аймагт төрж, өссөн. Есдүгээр ангидаа буюу 15 настай байхдаа АНУ-ыг зорьж Калифорни мужийн “Mount Diablo” ахлах сургуулийг төгссөн.
-АНУ-д цагдаагийн байгууллагад орохын тулд тусгай сургууль, академи төгссөн байх ёстой гэж байсан?
-Би их сургуулиа санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа өөрийн мөрөөдлөө даган Калифорни мужийн Оакланд хотын цагдаагийн академид суралцахаар шийдсэн.
-Тэгэхээр цагдаагийн мэргэжил таны багын мөрөөдөл байсан юм байна?
-Тийм ээ. Миний багын мөрөөдөл байсан. Хүүхэд байхад цагдаа нарын дүрэмт хувцас их таалагддаг байлаа.
-Академид суралцах үйл явцын талаар ярилцъя. Маш өндөр шалгуур давж гэмээн цагдаа болдог гэж дуулсан?
-Америкийн цагдаагийн академид орохы тулд хоёр жил гаруй хугацаанд янз бүрийн ярилцлагад орж, биеийн тамир, сэтгэлзүй, бичгийн болон аман ярилцлагын шалгалтууд өгдөг. Мөн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, өнгөрсөн болон одоогийн амьдралын түүх, гэр бүлийн намтар гэх мэт маш олон шалгуурыг давсны эцэст цагдаагийн газрын дарга нарын бүрэлдэхүүн сонгож авдаг. Мөн худал хэлж байгаа эсэх тестийг тусгай машин дээр суулгаж шалгадаг. Шалгалтын явцад дундаасаа хасагдсаар үлдсэн хүмүүс нь цагдаа болдог. Манай анги гэхэд л анх 37 хүнтэй байсан бол хасагдсаар сүүлд 23 нь төгссөн. Бүх шалгалтаа өгч, тэнцсэн байлаа ч цагдаагийн газрын дарга нарын зөвлөл зөвшөөрөхгүй бол хасагдана.
-Хамгийн сүүлийн шалгалт нь ямар байв. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг шүү дээ?
-Сүүлийн шалгалт дуудлага болон тайлан бичих байсан. Нийт 13 өөр төрлийн хуурамч дуудлагад очиж шалгалт өгсөн. Багш нар орлон тоглогч болж хэргийн газар дээр ямар үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдал талаас яах хэрэгтэй зэргээр шалгалт авч, тайлан бичсэн.
-МАНАЙ ХОТОД АЗИ ЦАГДАА ОЛОН БИЙ. ХАРИН МОНГОЛ ЦАГДАА
НАДААС ӨӨР БАЙХГҮЙ-
-Таны хувьд хамгийн хэцүү санагдаж байсан шаардлага, босго нь юу байв?
-Ер нь бүх шалгалтууд хэцүү байсан. Зарим өдөр хоёр цаг унтаад академидаа явах ч үе гарна. Шалгалт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой болохоор бүгд л амаргүй санагдаж байлаа. Нэг удаа бүхэл өдрийн турш бэлтгэл хийж, орой тарах гэж байсан юм. Гэтэл суралцагч нарын нэг бэлтгэлээ буруу хийсний улмаас дарга ангийг тараагаагүй, дахин эхнээс нь бэлтгэл хийлгэсэн. Энэ мэт зүйлээс болж шантрах үе гарч байсан ч гэр бүл, үр хүүхэд минь надад урам зориг, хүч болж байлаа.
-Монголд цагдаагийн албан хаагчид шат шатаар тушаал дэвшдэг шүү дээ. АНУ-д мөн адил уу?
-Яг адилхан цагдаа болоод цаашаа тушаал дэвшиж болно. Гэхдээ бас л шалгалтууд өгч болзол хангасан нөхцөлд л тушаал дэвшиж болно.
-Оакланд хотод гэмт хэргийн гаралт хэр байдаг вэ?
-Оакланд хотод гэмт хэргийн гаралт ихтэй. Ялангуяа буудалцааны хэрэг их гардаг. Нэг долоо хоногт ойролцоогоор 70 орчим буудалцааны хэрэг гарсан. Мөн сүүлийн үед ахлах ангийн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихсэж байна. АНУ-д гардаг гэмт хэргүүдийн эх үүсвэр нь ихэвчлэн энэ хотоос байдаг гэж ярьдаг юм билээ.
-АНУ-д цагдаагийн албан хаагчдад иргэдтэй харьцахдаа ямар дүрэм, журам, ёс зүйн зарчим баримтлахыг “сургадаг” вэ.
-Ер нь хүнлэг байдал, хүмүүсийг ялгаварлан гадуурхалгүй байх, бүх зүйлийг хуулийн дагуу зөв хийх, бүх зүйл дээр зөв үнэнч шударга байхыг зарчимладаг. Цагдаагийн албан хаагч бүх зүйлд бэлэн байх үүргийг хүлээдэг. Тухайлбал миний байгаа газар буудалцаан боллоо гэж бодоход юун түрүүнд заавал радиогоор мэдэгдэж, бусдыгаа хүлээх хэрэгтэй. Мөн зугтахаас сэргийлэн хашиж зогсох ёстой. Энэ утгаараа академид заагддаг хичээлийн 70 орчим хувь нь буудлага, бие хамгаалах хичээл байдаг.
-Та АНУ дахь анхны Монгол офицер болсон. Танай хотод Ази цагдаа нар бий юу?
-Манай хотод Ази цагдаа олон бий. Харин Монгол цагдаа надаас өөр байхгүй ээ.
-МОНГОЛ ХҮНИЙ ТАЛААР БУРУУ ОЙЛГОЛТ ҮҮСГЭХГҮЙН ТУЛД МАШ ХЯНУУР,
ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ БОЛНО-
-Ихэнх хүн цагдаагийн албан хаагч гэхээр маш завгүй, цаг наргүй ажилладаг гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Танд хэр чөлөөт цаг гарч байна. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг гаралгүй яахав. Өөрөө илүү цагаар ажиллая гэж хүсэхгүй бол долоо хоногт 40 цаг буюу дөрвөн өдөр л ажилладаг.
-Эхнэрийнхээ талаар яриач. Ямар мэргэжилтэй хүн бэ?
-Манай эхнэрийг П.Зөнбилэг гэдэг. Бид хоёр хамт бизнес удирдлага, эдийн засгийн чиглэлээр сурч, төгссөн. Эхнэр маань саяхан гоо сайхны мэргэжлээр дахин сурч, Калифорни мужийн гоо сайхны тусгай зөвшөөрлөө авч мэргэжлийн гоо сайханч болсон.
-Та Монголд төрж, өссөн шүү дээ. АНУ-д ажиллаж, амьдрах хэр байна. Тэр тусмаа Азийн орон биш учраас эхэндээ дасахад хэцүү байв уу?
-Анх Америкт ирэхэд мэдээж бага сага бэрхшээлтэй тулгарч байсан. Харин ажлын хувьд бусдыг хүндэлж, хуулиа дээдэлдэг, уг хууль зүйгээр явдаг болохоор нэг их хүндрэлтэй зүйл тулгарч байгаагүй.
-Коронавирусийн халдварын улмаас Азиудыг ялгаварлан гадуурхах үзэл зарим оронд бий болсон. Таны амьдарч байгаа хотод хэр байна вэ?
-Азиудыг ялгаварлан гадуурхах асуудал энд тэнд гарлаа гэж дуулддаг болсон. Гэхдээ ойр дотнынхоо хүмүүсээс тийм зүйл мэдэрч, сонсож байгаагүй.
-Цаашдаа та юуг зорьж байна?
-Албандаа тууштай байж тушаал дэвшин ажиллахыг зорьж байгаа. Ирэх долдугаар сарын 6-наас эхлэн ахлах офицероо дагаж энд дадлага хийнэ. Би цагдаагийн алба үүргийг маш хариуцлагатай гэж боддог. Мэдээж миний араас энд Монгол хүмүүс ирж ажиллах байх. Тиймээс Монгол хүний талаар буруу ойлголт үүсгэхгүйн тулд маш хянуур, хариуцлагатай ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа. Албанд тань амжилт хүсье.
-Баярлалаа.