Амиа алдсан Г, оргож боссон Х, М нарын асуудлаар Х.Нямбаатар МЭДЭГДЭЛ хийж, ХАРИУЦЛАГА хүлээх үү

Амиа алдсан Г, оргож боссон Х, М нарын асуудлаар Х.Нямбаатар МЭДЭГДЭЛ хийж, ХАРИУЦЛАГА хүлээх үү

Энэ сарын 08-ны өдөр /2021.04.08/ Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн IV Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хаагч 19 настай Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар харуулын дарга 34 настай Ж.Гэрэлт-Одыг буудаж амь насыг нь бүрэлгээд галт зэвсэг болон байлдааны 40 гаруй сумын хамт авч, оргосон хэрэг гарсан.

-БУСДЫГ БУУДАЖ АЛАХ ХҮРТЛЭЭ АСУУДАЛТАЙ ТУЛГАРСАН ЦЭРГҮҮДИЙН ТАЙВШРУУЛЖ БАЙГААД ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА СААТУУЛЖЭЭ-

Хэрэг явдал энэ сарын 08-ны өдрийн орой нар хэвийх үед гарсан байгаа юм. Учир нь дуудлага мэдээлэл тухайн өдрийн 22:00 цагт ирж, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ЗХЖШ-ийг түргэн авахуулсан гэдэг. Ингээд галт зэвсэгтэй цэргүүдийг гурав хоногийн дараа /2021.04.11/ саатуулжээ. Энэ нь ч учиртай аж. Тодруулбал, хүний амь насыг хохироох хүртлээ үйлдэл гаргасан галт зэвсэгтэй цэргүүдийг шууд саатуулах гэвэл буудалцах эрсдэлтэй байж. Иймд тэднийг тайвшруулж, стрессийг нь буулгаж байгаад тэдний ойр дотнын хүмүүсээр нь дуудуулсан бололтой. Үндсэндээ, бусад хэвлэлд гараад байсан шиг хайгаад олохгүй, шөнө нь эрлийн ажлыг зогсоогоод, өдөрт нь нисдэг тэргээр агаарт эргээд байсан зүйл огт байхгүй аж. Тэдний байршлыг нь тогтоочихсон, гарах байршлуудыг нь хяналтдаа авчихсан, галт зэвсэгтэй тул дээгүүр нь нисдэг тэрэг хөөргөхгүй, хугацаа хожиж тайвшруулсан бололтой. 

-ХАРЪЯА БАЙГУУЛЛАГАД НЬ ХҮНИЙ АМЬ ЭРСТЭЖ БАЙХАД ДУУГАРДАГГҮЙ САЙДАД Т.ЧИМГЭЭ НАРЫН АСУУДАЛ ДУУГАРДАГ НЬ ЯМАР ЭРХ АШИГ БАЙНА ВЭ-

Товчхондоо бол Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-ны харьяа Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын Хилийн цэрэгт хүний амь нас хохирч, цэргүүд галт зэвсэгтэй оргож, боссон ноцтой хэрэг явдал гарлаа. Мөн өнгөрөгч хоёрдугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах хилийн 0129 дүгээр ангид ахлах байлдагч С өөрийгөө боомилж амиа алдсан хэрэг гарсан. Энэ бүхнийг цэргийн дэг, дарамттай холбоотой байж болзошгүй гэж зарим иргэд үзэж буй. 

Мөн харуулын дарга  Г-ын амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Х, М нар ч “армид үнэхээр дарамттай байсан. Дэглэлт дарамтыг нь дийлэхгүй ийм зүйл хийчихлээ” гэсэн талаар хэвлэлд нийтэлжээ.

Гэтэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар харьяа байгууллагад нь гарсан энэ хэргийн талаар иргэдэд хандаж дуугарч, хариуцлага хүлээхгүй нь бололтой. Учир нь хилийн цэргийн ангиудад хүний амь эрстэж, цэргийн алба хаагчид бусдын амь насыг хөнөөх хүртлээ үйлдэл хийж байгаа нь энэ салбарын шинэчлэл, удирдлагын хүний эрхийн мэдрэмжтэй шууд холбоотой байхыг үгүйсгэхгүй.Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хилийн цэрэгт гарч буй нийгмийг цочроосон асуудалд мэдэгдэл хийж, шинэчлэлийн талаар иргэдэд хандаж үг хэлдэггүй, хариуцлага хүлээнэ гэдэггүй  хирнээ, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарын талд хэвлэлийн хурал, мэдэгдэл хийж олон нийтийн өмнө гардаг болоод буй. 

-ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА Ч ДУУГАРАХГҮЙ НЬ БОЛОЛТОЙ-

Мөн цэрэг эрс амиа алдаж, алба хаагчид нь зэвсэглэж оргож боссон асуудал дээр Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга ч дуугарахгүй өнгөрөх бололтой. Учир нь ХЗДХЯ-нд харьяаны хилийн цэрэг, дотоод цэрэг нь Монгол Улсын цэргийн байгууллагад ордог. Товчхондоо, тайван цаг учир ХЗДХЯ-нд харьяалагдаж буй юм. Харин дайны цагт тэд бүгд Монгол Улсын Ерөнхийлөгчийн командлалд орно гэсэн үг аж. 

Тодруулбал, Батлан хамгаалах тухай хуулийн 8.1 -д “Монгол Улсын төрийн цэргийн байгууллын тогтолцоо нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ” гэж заажээ. 

Гэтэл тайван цагт цэргийн байгууллагад гарч буй цэрэг эрсийн амиа алдалт, алба хаагчид нь тодорхой бус шалтгаанаар хүний амь хөнөөж, анги байрлалаа орхин, оргож байхад Ерөнхийлөгч цэргийн байгууллагуудын удирдлагуудаа дуудаж хариуцлагын талаар ярихгүй өнгөрөх бололтой. Сонирхолтой нь,  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өрх бүрд сар бүр нэг сая төгрөг олгох бичгийг Засгийн газарт явуулж, мөн л популизм хийгээд сууж байна. 




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө