СУРВАЛЖИЛГА: Х, М нар “Нутгаадаа яваа эр хүн, морь хоёрыг зогсоодоггүй юм” гэж хэлээд мотоциклыг нь авч явжээ

СУРВАЛЖИЛГА: Х, М нар “Нутгаадаа яваа эр хүн, морь хоёрыг зогсоодоггүй юм” гэж хэлээд мотоциклыг нь авч явжээ

Энэ сарын 08-ны өдөр /2021.04.08/ Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн IV Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хаагч 19 настай Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар харуулын дарга 34 настай Ж.Гэрэлт-Одыг буудаж амь насыг нь бүрэлгээд галт зэвсэг болон байлдааны 40 гаруй сумын хамт авч, оргосон хэрэг гарсан.

Иймд бид хэрэг явдал юу болсон талаар зарим эх сурвалжуудаас тодруулж, дараах мэдээллийг бэлтгэлээ. 

Говь-Алтай аймгийн Алтай сум

-ХЭРЭГ ТУХАЙН ӨДРИЙН 17.00 ЦАГИЙН ОРЧИМД ҮЙЛДЭГДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Бидэнд олдсон мэдээллээр хэрэг гардаг өдөр харуулын ахлагч Ж.Гэрэлт-Од нь хугацаат цэргийн алба хаагч Х, М нар болон өөр хоёр алба хаагчийн хамт буюу нийт тавуулаа хилийн манаанд гарсан байна. Тэдний харуулын байр нь хилийн заставаас 25 километрийн зайд оршдог. Албаны эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр байлдагч Х, М нар хэргийг тухайн өдрийн /2021.04.08/ 17.00 цагт үйлдсэн байж болзошгүй байгаа ажээ. Учир нь хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад тухайн өдрийн шөнө 22:00 цагт ирсэн байна. Мөн байлдагч Х хилийн зурвас руу манаанд гарахаас өмнө буюу Ховд аймгийн цагаар 16.00 цагийн үед ээж рүүгээ залгаж “Би хил рүү явж байна. Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” хэмээн хоолой зангируулан хэлээд салгасан гэдэг.

-ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ОРГОХОО ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН БАЙСАН УУ-

Ингээд харуулын байранд очоод Х, М нар хамт явсан хоёр байлдагчдаа хандаж, “Харуулын ахлагчийг хөнөөчхөөд, гэртээ харьцгаая” гэсэн байж болзошгүй байгаа аж. Ингээд удалгүй Х, М нар харуулын ахлагч Ж.Гэрэлт-Одыг буудаж амь насыг нь хохироогоод, хамт манаанд гарч байсан хоёр цэрэгт хандаж, “Та хоёрыг зүгээр орхиё” хэмээгээд унаж явсан морио суллаж, холбоо барих техник хэрэгслээ эвдсэн гэх мэдээлэл байна.

Харин амьд үлдсэн хоёр алба хаагч хэрэг гарсан газраас 5 цагийн турш 25 километрийн газрыг явганаар явсаар ангидаа ирж, болсон хэрэг явдлын талаар мэдээ дуулгажээ.

Ингээд 22:00 зохих хуулийн байгууллагуудад хэргийн талаар дуудлага мэдээлэл ирсэн байна. Иймд ЗХЖШ-аас нисдэг тэрэг гаргаж, Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын ажлын хэсэг, Эрүүгийн цагдаа, ЦЕГ-ын тусгай, Тагнуулын алба хаагчдыг Говь-Алтай аймаг руу илгээсэн байна. Дээрх байгууллагуудын бие бүрэлдэхүүн яг одоо Алтай суманд ажиллаж байгаа юм. 

-“НУТГААДАА ЯВАА МОРЬ, ЭР ХҮН ХОЁРЫГ ЗОГСООДОГГҮЙ ЮМ ШҮҮ”-

Харин Х, М нар харуулын ахлагчаа цээжин тус газарт гурван удаа буудаж амь насыг нь бүрэлгэсний дараа, хилээс 15 километрийн зайд хаваржиж байсан малчин М-ийнд очиж, мотоциклыг нь аваад цааш явсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Мөн тус айлаас боорцог, гамбир цай зэргийг авсан байгаа  юм. Тэр бүү хэл өөрсдөө мотоциклыг асааж чадахгүй байсан тул малчин М-ээр асаалгасан байж болзошгүй байгаа аж. 

Ингээд тэд тус газраас хөдлөхдөө “Нутгаадаа яваа морь, эр хүн хоёрыг зогсоодоггүй юм шүү” гэж хэлээд хөдөлжээ.

Мөн энэ талаар ХХЕГ-аас мэдээлэл хийх үеэрээ “Явсан зүг чигийн хувьд өөрсдийн нутаг руу Бугат сум тал руу чигтэй байна” гэж мэдэгдсэн. Харин тэдний унаж явсан тус мотоциклын шатахуун малчин М-ийнхээс 50 км-ийн зайд орших “Хонхор заг” гэх газарт дуусжээ. Ингээд тэд унаж явсан мотоциклоо орхиод одоо тус газраас холгүйхэн заган ойд орсон байж болзошгүй байгаа талаар эх сурвалж хэллээ. 

Заган ой

-НИСДЭГ ТЭРГЭЭР ЭРЭН ХАЙЛГҮЙ, ЗАГАН ОЙД ОТОЛТ ХИЙЖ БАЙНА УУ-

Мөн Х, М нарын  байж болзошгүй газарт нэг километр хүртэл зайд ойртохгүй, нисдэг тэргээр тэднийг хайхгүй байгаа аж. Учир нь тэд галт зэвсэгтэй яваа тул буудалцах, цаашлаад хэний ч амь эрстэж болзошгүй тул энэхүү арга хэмжээг авсан байна. Албаныхан “Хонхор заг”-ын орчимд хаваржиж байгаа хоёр айлд сэрэмжлүүлэг хүргэж, ойр орчимд нь ажиглалт хийж буй. Учир нь тус газарт ус ховор тул тэдний хоол, унд дуусаж заган ойгоос гарч ирнэ гэж манаа гаргаж, хүлээж байгаа бололтой. Цаашлаад Алтай суманд нэр бүхий уул уурхайн компанийн ачаа, тээврийн автомашинууд зорчдог тул автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байдалтай байгаа аж. 

Харин зарим эх сурвалжууд, “хүний амийг хөнөөх хүртэл нь цэргүүдийг дарамталдаг байсан уу” гэсэн асуудлыг дэвшүүлж буй. Иймд энэ талаар холбогдох байгууллагаас шалгалтыг эхлүүлсэн байна. Мөн цэргийн алба хаагчид яагаад ийм үйлдэл хийх болсон талаараа үнэнийг өөрсдийн гэр бүл, зөвхөн ээждээ ярьдаг байна. Иймд тэднийг олсны дараа хэрэг явдал юунаас болсон, юу нөлөөлсөн талаар тодруулна гэж шалгалтын хэсэг төлөвлөж байгаа аж. Мөн алба хаагч Х-ын ээж хэвлэлд өгсөн тайлбартаа “Амьд л байж байвал хүүтэйгээ уулзаж учрыг нь олмоор байна” гэсэн билээ.

-ТЭД ХЭН БАЙВ-

Амиа алдсан харуулын ахлагч Ж.Гэрэлт-Од нь 1987 онд төрсөн 34 настай.  2-11 насны хүү, хоёр охинтой. Эхнэр, хүүхдүүдийн хамтаар 0214 дүгээр ангид амьдардаг. Эхнэр нь тус ангид мөн ажилладаг байна. Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав талийгаачийн талаар “Цэргүүдийн мэдээлснээр ямар нэг дарамт шахалт байгаагүй, харуулын дарга харин ч цэргүүдтэй эвтэй, оюунлаг, шүлэг уншиж өгдөг, хүнлэг харьцдаг байсан гэсэн мэдээллийг өгөөд байна. Талийгаач шилдэг албан хаагч байсан. Шүлэг, яруу найраг бичдэг байсан. Өнгөрсөн жил манай байгууллагаас зарласан уралдаанд дэд байранд орж байсан” гэсэн юм.

Харин талийгаачийн эгч н.Ичинхорлоо “Миний дүү 13 настайгаасаа өнчирч хоцорсон. Хүний ая тал харж амьдарч сурсан, хүний хүүхэд хүртэл ширүүхэн загнаж үзээгүй хүүхэд.  Хэзээ ч хэнд ч дарамт шахалт үзүүлэх хүн биш гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна 2011 оноос хойш Говь-Алтай аймаг дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байгаа. Ангидаа хамгийн зөөлөн, хамгийн эелдэг ахлагч гэж би их олон хүнээс сонсож байснаас танай дүү тийм муухай ааштай гэж нэг хүнээс сонсож байгаагүй. Манай Ховдынхон сайн мэднэ. Ховдоос Говь-Алтайд алба хаагаад ирсэн хүүхдүүд мундаг ахлагч гээд их ам сайтай байдаг юм байна лээ” гэжээ .

Мөн Ховд аймгийн харьяат байлдагч Х-ийн ээж “Хүүг минь хайж байгаа тэр олон цагдаа, хүчний байгууллагынхан амьд мэнд л бариасай. Хүүг минь хороох вий, хүү минь айж эмээгээд амиа хорлох вий гэдэгт үнэхээр айж байна. Янз бүрийн дарамт шахалт, аргагүй байдал бий болсон байх л гэж бодож байна. Зүгээр байж байгаад хүний амь хөнөөчихнө гэж юу байх вэ дээ. Цэрэгт явснаасаа хойш хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж авсан. "Оймс зэрэг зүйлс авмаар байна аа" гээд л хоёр удаа 40, 50 мянган төгрөг шилжүүлж авч байсан. Дарамт шахалт байна гэж хэлж байгаагүй. Гэхдээ ямар ч дарамт шахалт байгаагүй бол миний хүү ийм юм хийнэ гэдэгт итгэхгүй байна. Хүүгийнхээ амнаас л бүгдийг сонсмоор байна. Яг юу болсныг” гэжээ. Бид эх сурвалжуудаас бодит мэдээллийг авч дахин хүргэх болно.




“BONUS BOOST” BSB-д

3 цагийн өмнө