Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн асуудлаар С.Энхболд сайдад ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлжээ

Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн асуудлаар С.Энхболд сайдад ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлжээ

Манай улсад коронавирусийн халдвараар иргэд өвчлөх нь буурахгүй,  мөн халдварын улмаас нийт 19 хүн нас бараад байна. Харин нас барсан хүмүүсийг оршуулах ажлыг Зооноз судлалын үндэсний төв хариуцаж, тэдний ойр дотнын хүмүүстэй салах ёс гүйцэтгүүлэхгүй, чандарлаж буй гэж мэдэгдсэн. 

Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулж, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна.

ХЭҮК-ИЙН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД: 

Коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайдад С.Энхболдод 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3/09 тоот зөвлөмжийг хүргүүлэв.

Уг зөвлөмжид коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн цогцсыг хадгалах, цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх, оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах, нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх, цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх, нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах; хорих анги, асрамжийн газруудад эрсдэлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгалаа.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө