“Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 105 хэргийг НОТЛОГДООГҮЙ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон”

“Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 105 хэргийг НОТЛОГДООГҮЙ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон”

Цэргийн албан хаагч амь насаа алдсантай холбоотойгоор Хүний эрхийн дэд хороо ЗХЖШ, БХЯ, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан хуралдаж байна. Энэ үеэр прокурорын байгууллагаас цэргийн албанд гардаг хэргүүдтэй холбоотой тоон мэдээллийг өглөө.

Тодруулбал, “Прокурорын байгууллагын хэмжээнд эрүүдэн шүүх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг. Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 2010-2020 онд 506 хэрэгт, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар тус хэргүүдийн 92 хувийг шийдвэрлэсэн. 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн. Үлдсэн нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд орох явцад үйлдэгдсэн байна.

Алба хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Прокуророос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим төрийн байгууллагуудад сургалт явуулдаг. Он гараад нийт 7 хэрэгт хяналт тавьж, хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Удааширсан асуудал байхгүй" гэв.