ТОЙМ: Төрийн албанд ажиллах, нэр дэвших эрхгүй, МАН-аас хасагдсан Н.Номтойбаярын карьер дуусаж байна уу

ТОЙМ: Төрийн албанд ажиллах, нэр дэвших эрхгүй, МАН-аас хасагдсан Н.Номтойбаярын карьер дуусаж байна уу

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс 5 жил 5 сарын хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасах шийдвэр гаргаад байсан ч, Улсын Дээд шүүх /УДШ/ түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүхийн дээрх шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн юм.

Ингэснээр Н.Номтойбаяр энэ долоо хоногийн Пүрэв гараг /2021.04.01/ -т хорих ангиас суллагдсан. Тэрээр энэ тухайгаа “Та бүгд сайн байна уу? "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” гэж өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн юм. Иймд түүний энэхүү мэдэгдлийг "тэрээр улс төрд эргэж ирнэ" гэдгээ зарлаж байна гэж дүгнэх иргэд байсан юм. Мөн цаашлаад түүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайдын албан тушаалд томилогдоно гэх мэдээлэл ч гарч байв.

-Н.НОМТОЙБАЯРЫН УЛСЫН ТӨРИЙН КАРЬЕР ГУРВАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЗОГСОЖ БАЙНА УУ-

Тэгвэл УДШ-ээс Н.Номтойбаярын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хассан тул, тэрээр ирэх нэг жилийн хугацаанд ямар нэг албан тушаалд томилогдохгүй, мөн МАН түүнийг намын гишүүнчлэлээсээ хассан тул, тус нам төрийн эрх барьж байгаа энэ хугацаанд тэрээр төрийн ямар нэг албан тушаалд томилогдохгүй нь. Цаашлаад ямар нэг улс төрийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон байж болзошгүй байна. 

ТОДРУУЛБАЛ: 

Нэгдүгээрт, Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасна гэж заасны дагуу УДШ-ээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг хуульд заасны дагуу хоёр жилээр хасаж шийдвэрлэсэн тул төрийн болон улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний удирдах албан тушаал зэрэгт ойрын нэг жилдээ томилогдох боломжгүй болж байна. 

Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийн нэр дэвшүүлэх нийтлэг журмын 29.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан байдаг. Иймд одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу тэрээр дахин улс төрийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм. Учир нь түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутган ялласан байдаг. 

Гуравдугаарт, тэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй ширүүхэн муудалцаж намын гишүүнээсээ татгалзаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан байдаг. Тиймээс МАН түүний гишүүнчлэлийн эрхийг дахин сэргээх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим нэг намын гишүүд нь түүнийг намдаа дахин авах хүсэлгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Мөн МАН-ын дотоод журмын 6.5.2-т "тус намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авилгын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол намаас гарсанд тооцно" гэж заасан байдаг аж. Тиймээс Н.Номтойбаяр нь ойрын нэг жилдээ нийтийн албанд томилогдох, цаашдаа улс төрийн сонгуульд оролцох, мөн МАН-ын гишүүнчлэлээ дахин сэргээх боломжгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Хэрвээ одоо үйлчилж байгаа Эрүүгийн болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох, мөн түүнийг шүүхээс “цагаатгасан” тохиолдол нөхцөл байдал дахин өөрөөр эргэх магадлалтай байна.