Ч.Ичинхорлоо: Би аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа

Ч.Ичинхорлоо: Би аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа

Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүс буюу халдартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа тасаг руу аав, ээжийг сахихаар ороод хэсэг хугацааг өнгөрөөж, улмаар шууд гадагшаа гарсан талаар эх сурвалжууд бидэнд мэдээлж буй.

Учир нь ХӨСҮТ-ийн улаан бүс рүү нэвтэрсэн иргэн, халдвар авах магадлал маш өндөр тул 14 хоног тус эмнэлэгт тусгаарлагдах ёстой гэсэн мэдээлэл байгаа юм. Гэтэл тэрээр шууд гадагшаа гарсан нь олон хүмүүсийг эрсдэлд оруулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Харин энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, “Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн. Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэндээ тусгаарлагдаж байгаа” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Ч.Ичинхорлоо нь ХӨСҮТ-ийн улаан бүсээс шууд гадагш гарсан байна.

Тэрээр өөрийн facebook хуудастаа “Сүүлийн 2-3 жил миний аав үхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо. (10-аад удаа) Аав маань зүрхний маш хүнд өвчтэй, амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100 хувь хүний асаргаанд байдаг юмаа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ. (хамт олон, найзууд, ах дүүс) Хэнд ч хэлээд ирдэггүй энэ аймшигт өвчнөөр аав ээж минь өвдөж үхэл амьдралтай цаг минут тутам тэмцэж байна.

Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөд  халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа. Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж  бодолгүй яарч тэвдэн явсандаа хүлцэл өчье. Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Амьдралын жаргал зовлонг бүтэн жаран хамтдаа туулсан ХАЙРТАЙ  ИЖИЙ ААВАА хурдан эдгээсэй гэж БУРХАНДАА залбирч сууна даа” гэжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө