Сэлэнгэ аймгийн “Ерөө” голд осолдсон иргэний цогцсыг таван сарын дараа гаргажээ

Сэлэнгэ аймгийн “Ерөө” голд осолдсон иргэний цогцсыг таван сарын дараа гаргажээ

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны өдөр “Ерөө” голд осолдсон 53 настай эмэгтэйн цогцсыг таван сарын дараа буюу энэ сарын 30-ны өдөр /2021.03.30/ олж гаргажээ.

Талийгаачийг алга болох үед Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 2020.11.04-ний өдрийн 08:30 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан “Ерөөгийн гүүр” хүртэл завиар 50 км-т, голын эрэг дагуу явганаар 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:15 цагт эрэлийг зогсоож байсан юм. 

Тэгвэл таван сар өнгөрсний дараа Ерөө сумын экологийн цагдаагийн байцаагч тус сумаас зүүн урд зүгт 70 км зайд “Цагаан тохой” гэдэг газраас  цогцсыг олж тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад мэдэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид цогцсыг мөсөнд наалдсан байдалтай байхад нь гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

П.БАТДАЛАЙ