ШУУД: Хэрэг гарсан өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авч байна

ШУУД: Хэрэг гарсан өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авч байна

Хоёр хоногийн өмнө /2021.03.29/ Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Хохирогчийн биеийн байдал хүнд, тархиндаа цус харвасан ухаангүй байдалтай ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан ч тус албан хаагчийн биеийн байдал сайжрахгүй байсаар өнгөрсөн шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг "Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед Зэвсэгт хүчний жанжин штабаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлж байсан боловч байлдагч Б гуравдугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдлаа.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна.

Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Хуурай замын цэргийн командлалын зарим албан тушаалтан хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан цахим хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өгөөд байна. Одоогоор хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Энэхүү харамсалтай явдалд бид бүхэн хариуцлагаа хүлээх болно" гэж мэдэгдлээ.