ВИДЕО: Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын өлсгөлөнг өнгөрөгч шөнө албадан буулгажээ

ВИДЕО: Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын өлсгөлөнг өнгөрөгч шөнө албадан буулгажээ

С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангид эрүүдэн шүүсэн дүрс бичлэгийг өмнө нь олон нийтэд ил болгосон.

Харин эрүүдэн шүүсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм. Мөн 2015 онд гүйцэтгэх ажиллагаа явуулж Т.Чимгээг өөрийгөө хамгаалах чадваргүй байхад гарынх нь хээг авсан бичлэгийн зарим хэсгийг саяхан нууцаас гаргаж, олон нийтэд цацсан билээ. Энэ бүх үйл явдалтай холбогдуулан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Улмаар Т.Хүрэлбат нь дүүгээ суллах хүртэл Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсан юм. 

Тэгвэл түүний эрүүл мэндийн байдал хүндэрсэн тул эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, Т.Хүрэлбатын өлсгөлөнг өнгөрөгч шөнө албадан буулгасан байна. 

Сонирхуулахад, Т.Чимгээгийн гэр бүлийнхэн нь түүнийг ийнхүү суллахыг шаардаж байгаа ч, эрүүдэн шүүсэн эсэхийг шүүх эцэслээгүй байгаа учраас боломжгүй юм. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн 20 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг дахин хийхээр байгаа юм.