Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн этгээдүүд 15 жилийн дараа түүний үнэт эдлэлүүдийг гаргаж өгчээ

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн этгээдүүд 15 жилийн дараа түүний үнэт эдлэлүүдийг гаргаж өгчээ

Одоогоос 15 жилийн өмнө Монгол улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, 2006 оны аравдугаар сарын 19-20-ны хооронд Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азила болон Сирул Азар Умар гэгч этгээдүүд талийгаач Ш.Алтантуяаг хүчээр автомашиндаа суулган авч явж, буудан хөнөөгөөд, цогцсыг нь ул мөргүй устгахын тулд дэлбэлжээ.

-ТАЛИЙГААЧИЙН АЛТАН БӨГЖ, ЭЭМЭГ, ЦАГ ЗЭРГИЙГ ОЛОН ЖИЛ ХАДГАЛЖ БАЙСАН ХЭМЭЭН ЦАГДААГИЙНХАНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ-

Одоог хүртэл шийдэгдээгүй үргэлжилж буй тус хэргийн шүүх хурал коронавирус цар тахлын улмаас хойшилсоор байгаа ч өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит шүүх хурлыг Малайз, Монголын хооронд анх удаа онлайнаар товлосон. Гэсэн хэдий ч Малайзын талын шүүгчид татгалзсанаар дахин хойшлоод байсан шүүх хурал өнгөрсөн даваа гарагт онлайнаар болсон юм. Тодруулбал, энэ удаагийн онлайн хурлаар Ш.Алтантуяагийн хэрэгт Монголын талаас нэр бүхий албан тушаалтнууд нөлөөлсөн асуудлаар сонсгол хийнэ гэсэн мэдээлэл цацагдсан.

Учир нь Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт ял авсан Багинда, Сирул нарыг Монголын талын санал буюу ямар нэг оролцоотойгоор сулласан гэдгийг түүний аав С.Шаарийбуу хэлсэн байдаг. 

Гэсэн ч одоогийн байдлаар тус онлайн шүүх хурлаар хэлэлцсэн асуудал болон монголын талаалсан нөлөөлсөн гэх мэдээлэл Малайз болон бусад улсын хэвлэлүүдээр гараагүй байна. Түүний талаар олон улсын хэвлэлд гарсан сүүлийн мэдээллээр Сирул гэгч Кота Дамансара дахь байшиндаа хадгалж байсан талийгаачийн үнэт эдлэлийг цагдаа нарт гаргаж өгчээ. Тодруулбал, алтан бөгж, цаг, ээмэг зэргийг нь хадгалж байсан байна. Одоогоор тус хэрэгт хэд хэдэн иргэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд Малайз улсын шүүгч Вейзер Алам Майдин Меера тус хэргийг шүүх юм.

Талийгаачийн аллагыг захиалсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдсон Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак

-БҮСГҮЙН АЛЛАГЫГ ХЭН ЗАХИАЛСАН НЬ ОДООГ ХҮРТЭЛ ТОДОРХОЙ БУС БАЙНА-

Захиалгын дагуу Монгол улсын иргэний аллагын хэргийг гүйцэтгэсэн гэх Азила нь Сирул Азар Умар гэгчийн хамт талийгаачийн  толгой руу нь буудаж,  биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон байдаг. Тус этгээдүүдийн мэдүүлснээр Азилад тушаал өгсөн эрх мэдэлтнүүд Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг гадаадын тагнуул, Малайзын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа тул баривчилж устга гэсэн даалгавар өгсөн гэжээ.

Үргэлжлүүлэн үүрэг даалгавар өгөхдөө Алтантуяаг хөнөөснийхөө дараа цогцсыг нь дэлбэлж, ул мөргүй болго, тагнуул учраас анхаарал болгоомжтой байгаарай гэж захисан тухай ч ярьсан байна.

Бусдын гарт амиа алдах үедээ хохирогч Алтантуяа бие давхар байсан нь олон нийтийг ихээхэн эмзэглүүлсэн байдаг. Тэрээр хамгийн сүүлд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Абдул Разакийн гэрийн гадаа харагдсан бөгөөд түүний тухай мэдээллийг таксины жолооч цагдаагийнханд анх дуудлага өгсөн ажээ. Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ. Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийн талаарх шүүх хурал онлайнаар үргэлжилж байна.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.