“Элизабет” хотхоноос унаж амиа алдсан эмэгтэйн нөхөр Б өмнө нь олон удаа эрүүлжүүлэгдэж байжээ

“Элизабет” хотхоноос унаж амиа алдсан эмэгтэйн нөхөр Б өмнө нь олон удаа эрүүлжүүлэгдэж байжээ

Өнгөрсөн баасан гарагт БЗД-ийн 26-р хороонд байрлах “Элизабет” хотхоны 15 давхараас нэгэн эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг ихээхэн эмзэглүүлсэн. Тухайн үед 26-р хороонд тав хоногийн хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байсан нь тухайн эмэгтэйг амиа алдахад нөлөөлөв үү гэсэн хардлага ч олон нийтийн зүгээс гарч байсан юм.

Харин ЦЕГ-аас энэ талаар мэдээлэхдээ “тухайн эмэгтэй нь гэр бүлийн хүнтэйгээ таагүй харилцаатай байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Нөхрийг нь хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байна” гэж байв. Тэгвэл талийгаач нь 39 настай С гэх эмэгтэй байсан бөгөөд 3-15 насны дөрвөн хүүхэдтэй байжээ. Тэрээр “Хаан” банкинд эдийн засагчаар ажилладаг байсан ба хэрэг гарсан хотхонд дөрвөн хүүхэд болон ээжийн хамт амьдардаг байсан байна.

Харин нөхөр болох Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учир эхнэр нь салсан байсан ч жил орчмын өмнөөс эхнэр дээрээ очдог болжээ.

Хэрэг гарсан өдөр талийгаачийн нөхөр согтуу байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд мөн л гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байж болзошгүй байна. Мөн хэрэг гарах үед хүүхдүүд нь “ээж ээ” хэмээн уйлж байсан талаар тус байрны оршин суугчид цахим орчинд мэдээлж байсан юм. Одоогоор талийгаачийн нөхөр болох Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулинд зааснаар “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйлчлэлийн дагуу хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байгаа аж. Б нь өмнө нь архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр есөн эрүүлжүүлэгдэж байсан гэх мэдээлэл бий.